aduun sureg

Адуун сүрэгт хачигт халдвар өвчин илэрчээ

Дорнод аймгийн зарим малчин өрхийн адуун сүрэгт хачигт халдвар өвчин илэрчээ.

Тодруулбал, Баянтүмэн, Булган, Хэрлэн, Матад, Чойбалсан сумын 40 малчин өрхийн 150 гаруй адуу өвчилжээ. 11 дүгээр сарын 9-нд Хэрлэн сумын малчин Э зарим адуу нь тодорхойгүй шалтгаанаар турж, сүргээсээ хоцрох шинж тэмдэг илэрсэн талаар аймгийн мал эмнэлгийн газарт мэдээлсэн байна.

Мэдээллийн дагуу өвчилсөн адуунаас шинжилгээ авч, Улсын мал эмнэлгийн төв лабораторид илгээснээр адууны хачигт халдвар өвчин мөн болохыг тогтоожээ. Мөн дээрх өвчин газар авсан учир хавар, намрын улиралд өвчний голомтыг устгах, урьдчилан сэргийлэх талаар өргөн хүрээтэй ажиллах чиглэл өгсөн байна.

Энэхүү адууны хачигт халдвар нь цочмог явцтай үедээ 40 хэмээс дээш халуурч, толгойгоо гудайлгах, амьсгал түргэсэх, хоол тэжээлдээ дургүй болох, удаан хугацаагаар хэвтэх зэрэг шинж тэмдэгтэй. Адуунд дээрх шинж илэрсэн тохиолдолд дур мэдэн эм тариа хэрэглэлгүй, мал эмнэлэгт хандахыг санууллаа.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих