Айдас хэрхэн бий болдог вэ?

Ямар нэгэн төрлийн аюул, эсвэл тодорхой бус, таагүй нөхцөл байдлууд нь дарамттай байдлыг бий болгон, тухайн хүн тэр нөхцөл байдалд дүгнэлт хийнэ.

Физиологийн өөрчлөлт болон таагүй мэдрэмж нь дайралт хийх, хариу цохилт өгөх, аргагүйдэх, зугатах зэрэг зан үйлийг үйлдэнэ. Нөхцөл байдлыг болон өөрийгөө хянаж дүгнэлт хийх нь чухал. Айдсын үед биед адреналин даавар ялгардаг. Энэхүү даавар нь хүний биеийг тэмцэх, эсвэл зугатахад бэлэн байдалд оруулдаг.

 

Биед гарах биеийн хариу урвалууд: Зүрх дэлсэх, амьсгал түргэсэх, цусны даралт ихсэх, ходоод эвгүйрэх, гүйлгэх, ойр ойрхон шээх, чичрэх, толгой эргэх, дотор муухай оргих, хөлрөх, улайх, цонхийх, хоолойгоор юм орохгүй байх.

 

Сэтгэл хөдлөлийн хариу үйлдлүүд: Давчуурах, цөхрөх, аргагүйдэх, сэтгэлээр унах, гутрах.

Айдсын эерэг талууд: Айдас нь ямар нэгэн аюул нүүрлээд буйг, ямар нэгэн зүйл хэвийн биш байна гэдгийг сануулсан дохио ба хамгаалалтын систем юм. Айдсаар дамжуулан бид аливаа аюулыг хурдан, илүү сайн илрүүлдэг. Биднийг сонор соргог, хурдан хөдөлгөөнтэй, болгоомжтой байлган, илүү бодолтой хөдлөхөд хүргэдэг. Мөн аюулаас зугатах буюу гарах эрч хүч, тэвчээрийг өгдөг. Тийм учраас айдас амьдралыг маань харанхуй болгосон сөрөг үзэгдэл төдий зүйл бус маш нарийн утга учиртай гэж ойлгох хэрэгтэй. Энэ нь бидэнд маш чухал мэдээллийг олж авах хүчин зүйл болдог.

 

 

АЙДСЫН ХЭЛБЭР

 

Жинхэнэ айдас бол хүнд төрөлхийн заяасан, өөрийгөө хамгаалах мэдрэмж юм. Хуурамч буюу зохиомол айдас нь бидний оюун бодлоос үүдэлтэй хов хоосон ухагдахуун юм. Өөрөөр хэлбэл, бид өөрсдийнхөө бодол сэтгэлгээнээс болоод айж байна гэсэн үг. Хуурамч айдас баттай юм шиг болон хуримтлагдсаар тухайн хүний аж амьдралд ихээхэн саад бэрхшээл учруулдаг. Томчууд, эцэг эхчүүд, багш нар, нийгмийн орчин хүүхдэд сөргөөр нөлөөлснөөр төөрөгдмөл айдастай болгож, сэтгэл зүйн гажуудал үүсгэдэг. Хоосон айдас нь ямар ч удирдлага, хяналтгүй сэтгэлгээний гайгаар боловсордог хуурамч төсөөлөл юм. “Миний айдас надад бүхнийг авчирдаг” гэж нэгэн мэргэн хүн хэлсэн байдаг. Гэтэл хаа хол гарсан халдварт өвчний сургаар өөрөө бараг үхэх гэж байгаа мэт аашлах, бизнес нь үнэхээр амжилт олж болохоор байтал дампуурлаа гэж айснаас бүрэн дампуурах зэрэг сөрөг зүйлсийг дагуулдаг.

 

АЙДСЫГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ?

 

“Айгаад байгаагаа өөрийн биеэр хийгээд үзвэл таны айдас төгсгөл болно” гэж Эмерсон хэлсэн байдаг. Аливаа айдсыг эхлээд сэтгэхүйгээсээ холдуулах хэрэгтэй. Далд ухамсартаа бага багаар эерэг зарчмыг хэвшүүлсээр зөв тусгаж авбал айдас ор сураггүй алга болдог. Бага насанд тохиолдсон эвгүй явдал болон гэнэтийн, таагүй зүйлээс болж хүн сэтгэлдээ гэмтэл, шарх авдаг. Тэгээд онгоцонд суух, ууланд гарах, усанд сэлэх, хүмүүстэй ярилцах, харанхуйгаас айх зэрэг эмгэгтэй болдог.

 

Энэ асуудалтайгаа нүүр тулан, түүнийг ялах сэтгэл зүйн бэлтгэл, дасгалыг өөртөө хэвшил болтол нь хийвэл, та оюун ухаанаа өөрөө эзэмдэн, айдсыг ялна. Айдас төрж эхлэнгүүт тус нэмэр болох янз бүрийн нөхцөл тохиолдоод эхлэдэг. Ийм шалтгаанд ач холбогдол өгөлгүй хамгийн таатай, сайхан төсөөлөлд оюун бодлоо чиглүүлэн, бүхнийг өөдрөгөөр сэтгэ. Айдсаасаа салах шийдвэр гарган, зоригтой байгаарай.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих