mother language day

 Олон улсын эх хэлний өдөр тохиож байна

Өнөөдөр Франц улсын Парис хот дахь ЮНЕСКО-гийн төв байранд  “Олон улсын эх хэлний өдөр-2019”-ийн нээлт болох бөгөөд “Хөгжих, энх тайвныг тогтоох, эвлэлдэн нэгдэхэд уугуул хэлний үүрэг” сэдвийн хүрээнд тэмдэглэж байна.

НҮБ-ын мэдээлснээр дэлхийн 90 оронд 370 сая уугуул ард түмэн амьдарч, 5000 өөр соёлыг бүрдүүлдэг авч нийгэм, улс төрийн болон бусад олон хүчин зүйлээс шалтгаалан уугуул ард түмний эрх зөрчигдөж, тэдний хэл, соёлын асуудал хурцдаж, мөхөх аюулд ороод байна.

Монгол Улсын хувьд Олон улсын эх хэлний өдрийг 2001 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд хэлний бодлогыг хэрэгжүүлэх, бүх нийтийн эх хэлний боловсрол, соёлын түвшинг дээшлүүлэх, улмаар тэдэнд эх хэлээ хайрлах, түүгээр бахархах үзэл төлөвшүүлэх, эх хэлээ сурталчлан дэлгэрүүлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагууд тодорхой ажлуудыг хийсээр байна.

2019 оныг ЮНЕСКО-гоос “Олон улсын уугуул хэлний жил” болгон зарласантай холбогдуулан ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн нутгийн аялгууны баялаг хэрэглэгдэхүүнд суурилан бүтээсэн “Монгол аман зохиолын чуулган” нийт 45 боть, 1988 онд хэвлүүлсэн “БНМАУ дахь монгол хэлний нутгийн аялгууны толь бичиг” 3 боть /халх, ойрад, буриад аялгууны толь/, 2008 онд хэвлүүлсэн “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь” 5 боть, 2015 онд нийтэлсэн “Монгол хэлний цахим их тайлбар толь” \mongoltoli.mn, монголтоль.мон\ бүтээлүүдийнхээ үргэлжлэл болгон нутгийн аялгууг баримтжуулах, уламжлуулах, хамгаалан хөгжүүлэх, зорилго бүхий цогц бүтээлийг эхлүүлээд байгаа аж.

ШУА-ийн ХЗХ-гийн Хэрэглээ хэл шинжлэлийн секторын ЭША, доктор Н.Мөнхцэцэг: 

Дэлхий дахинд өнөөдөр хоёр долоо хоног тутамд нэг хэл устаж, түүнийг даган тухайн үндэстний түүх, соёл, сэтгэлгээ, зан заншил, оюуны өв устаж үгүй болж байна.

Дэлхийн хүн ам, угсаатан, тэдгээрийн хэлний талаарх мэдээллийн эх сурвалжуудаас үзэхэд, одоогоор 7100 орчим амьд хэл байгаа бөгөөд үүний 90 хувь нь 100000-аас бага хэлэлцэгчтэй байна. Энэ нь 6390 орчим хэл эрсдэлд орж, үлдсэн 10-хан хувь буюу 710-аад хэл аюулгүй байна гэсэн үг юм.

2680 хэл бүр мөхлийн ирмэгт байгаа бөгөөд үүнээс 357 хэл 50-иас доош хэлэлцэгчтэй, 19 хэл ганцхан хэлэлцэгчтэй болсон гэсэн мэдээ байна.

Энэ байдлаар үргэлжилбэл, 2100 он гэхэд дэлхийн хэлний талаас илүү хувь нь устаж үгүй болно гэж судлаачид үзэж байна.

Ийнхүү хэл мөхөж буй шалтгаан нь колоничлол, их гүрнүүдийн эзэрхийлэл гэх мэт улс төр, нийгэм, эдийн засгийн хүчин зүйл, даяаршил, хотжилт, шилжилт хөдөлгөөн, цөөн хэлний ноёрхол, соёлын нөлөөтэй холбоотой юм

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих