“САРД СУУХ” цээр гэж юу вэ?

 Эхийн эрхэт ёсыг эртнээссээ дээдэлдэг Монголчууд бид эх амьтан хийгээд эмэгтэй хүнийг тэр дундаа нялх биетэй амаржсан эхийг тойглон асарч элдэв хэл ам, хир тортогоос хамгаалан хүндэлдэг сайхан уламжлалтай ард түмэн.

Тиймээс ч амаржсан эх хүнд  “Сард суух” хэмээх нэг сарын цээрийг нярайлсаных нь дараагаар хийлгэдэг байна. Бүх биеийн яс мах сиймхий болж таван цулд гэмтэй учир цээр хийнэ. Үүнийг “сард суух” гэдэг ажээ.

Амаржсан эх  “САРД СУУХ” үедээ: 

  •   Сарын дотор өөх тостой, давстай мах үл идэх, идвэл хууч тогтоно.
  •  Давснаас биед хүйтэн хий сууж, үе, шөрмөсний өвчин болно.
  •  Амаржсан эх сар хагасын дотор архи, тамхи, сармис хэрэглэхийг цээрлэнэ. Хэрэглэвэл арьсны өвчин, хууч тогтоно.
  •    Эх сарын дотор тарган мах, өөх тос идэхийг цээрлэнэ. Учир нь ходоод гэдсэнд хор болно.   Нүүр царай сэвхтэнэ гэдэг.
  • Нялх биетэй эх сарын дотор, сэрүүн ундаа, идээ хэрэглэхийг цээрлэнэ. Хий, халуун шургаж, толгой, шүд өвдөнө.
  • Амаржсан эх юм үлээхийг цээрлэнэ. Зөрчвөл дотрын хий дэвэрнэ, савны хийтэй болно гэдэг.
  • Эх амаржаад өдөр унтах ёсгүй… гэж үздэг

“Сард суух” цээрийг сахих нь амаржсан нялх биетэй эхийн эрүүл мэндэд анхаарах, түүнчлэн хурдан хугацаанд биеийг нь тэнхрүүлэх, сэтгэл санааг нь амар амгалан байлгах зэрэг олон сайн талтай.

Монголчуудын хувьд амаржсан эх гурав хоног “төрсний цээр гам”, мөн “сард суух” гэсэн нэг сарын цээрийг жирэмсэний үеэс дутахааргүй хоол, унд, үйл хөдлөл, нойр зэрэг олон зүйлсийг сахин мөрдөх журамтай байсан бөгөөд ардын энэхүү анагаан тэтгэх  уламжлал орчин цагийн шинжлэх ухаантай хамт өнөө бидний цагт оршсоор байгаа юм.

 

Эх сурвалж: “Монгол өрх, гэр бүлийн язгуур уламжлал” номоос

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих