unaach_huuhdiin_erh_zorchigdoj bn

“Мал дагавал ам тосдоно” гээд хүүхдийн эрхийг зөрчсөөр байх уу…

“Мал дагавал ам тосдоно” энэ үгийг багаасаа л сонсч өслөө. Гэвч энэ үгийг хойч үедээ уламжилсан нь өвөг дээдсийн минь ухаан болохоос хүүхдийг хүнд хэцүү, тэвчишгүй хөдөлмөр хийлгэ гэсэн үг огт биш бололтой. Энэ удаад хөндөж байгаа сэдэв маань хүүхдийн хөдөлмөр тэрд ундаа мал маллаж байгаа хүүхдүүдийн эрхийн асуудал. Гэвч уншигч та монгол сэтгэлгээгээр энэ асуудалд надтай санал нийлэхгүй байж болох юм. Юутай ч энэ бичвэрээ уншигч тантай санал бодлоо хуваалцахаар бичлээ.

Залуу сэтгүүлч надад хөдөө орон нутгаар явж сурвалжлага бэлдэх боломж тохиов. Төлөвлөсөн айлдаа товлосон цагтаа сайн явж хүрлээ. Цай уухын зуур л зочилсон айлын гэрийн эзэн хотын бидний ахуй байдлыг таних, амьдралын дэвшил хөгжлийг ойлгох, юугаар дутаж, юугаар бүтэж явааг гүн гүнзгий тольдон хардаг өгөөмөр байдал нь нүүдлийн иргэншилтний зан буй. Хэрэг зоригоо хэлэлцэн суух зуур гаднаас хэзээний том хүн шиг байрын, атигар биетэй, хөдсөн бор дээл өмчихсөн арван нэг хоёртой болов уу гэмээр хүү сүр сар болсоор орж ирлээ. Халуун цай очилчихоод удсан ч үгүй ардаа ажилтай хүн шиг сандран гарч одов. Эднийх хоёр хүүтэй, одоогийн байдлаар сургуульд сурдаггүй эцэг эх хоёртоо туслан, мал малладаг гэнэ. Хүүхэд багачуудыг мал аж аж ахуйн уламжлалт зан үйлд сургах, нүүдлийн мал аж ахуйн онцлог, мал маллах арга ухаан эзэмшүүлэх нь нүүдлийн соёл иргэншлийг хойч үедээ өвлүүлэх нь чухал ч гэлээ үү тэдний ирээдүйд сурч боловсрох, хөгжиж эрхийг шууд утгаар нь хааж байгаа гэдгээ эцэг эхчүүд минь ухамсарлахгүй л байна. Хүүхдийн сурч боловсрох боломжийг хааж, эрүүл мэнд, хүмүүжилд нь муугаар нөлөөлж байвал энэ зүгээр ч нэг хүүхдийн ажил биш гэсэн үг. Хүүхдэд тоглох эрх бий. Найз нөхөдтэй болж, нийгэмшиж, хөгжих эрхээ ч бас эдлэх ёстой. Харин энэ бүгдийг зөрчиж, өөрийн болон өрөөл бусдын аж амьдралыг авч явахаар хөдөлмөрлөхийг хуулиар хориглосон байдаг. Манай улсад хүүхдийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой олон асуудал бий. Хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдийн дийлэнх нь хөдөө аж ахуйн салбартай холбогддог. Тэд бол малчдын хүүхэд гэсэн үг. Гэвч хуулинд “Насанд хүрээгүй хүүхдийг ажиллуулахыг хориглосон ажлын байр”-ны жагсаалтад цаг агаар муудсан үед мал хариулахаас эхлээд гуйлга гуйх хүртэл багтсан байдаг юм.

Малчин эцэг эхчүүдийн амьжиргааны эх үүсвэр

Хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн 90 хувь нь өрхийн бизнест цалин хөлсгүйгээр, 8.8 хувь нь хувиараа, 1.6 хувь нь тодорхой хэмжээний цалинтай ажиллаж байна. Байгаль цаг уурын болон зах зээлийн орчны таатай бус өөрчлөлтийн улмаас малчдын амьжиргааны төвшин тогтвортой бус байдлаар байнга өөрчлөгдөж, буурах хандлагатай болж байна. Малчин өрхийн аж ахуй нь хэмжээний хувьд хэт жижиг, зах зээлд өрсөлдөх чадвар сул, дийлэнх нь амиа аргацаасан шинжтэй. Малчин өрхийн аж ахуй үндсэндээ ганцхан салбар буюу мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг, тэр нь бүтээмж багатай. Орлогын гол эх үүсвэр нь үндсэндээ малын тооноос шалтгаалдаг, малын тоо нь байгаль, цаг уурын сөрөг нөлөөнөөс ихээхэн хамаардаг тогтвортой амьжиргааны эх үүсвэр ихээхэн эрсдэлтэй. Тэгэхээр малчин эцэг эхчүүдийн амжиргааны эх үүсвэр тогтворгүй, байгаа нь хүүхдийн хөдөлмөрийг далд хэлбэрээр шулж байгаа юм. Хэдийгээр эцэг эх, гэр орны ажилд тус болж байгаа хэдий ч, тухайн хүүхэд сургууль завсардах, ирээдүйдээ итгэлгүй болох зэргээр хохирох эрсдэлтэй.

Хүүхдийг хэдэн наснаас мал аж ахуйн хөдөлмөрийн дадалтай болгож байна вэ?

Мал аж ахуйд ажиллаж байгаа хүүхдүүдийн бага нь 9 настай байхад ахлах нь 18 настай байгаа юм. Ихэвчлэн 15-аас дээш насны эрэгтэй хүүхдүүд мал малладаг гэсэн судалгаа бий. Энэ нь мал аж ахуйн салбарт 15-18 насны эрэгтэй хүүхдүүд гол ажиллах хүч нь болж байгаа юм. Өрхийн орлого багатай, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур байх нь хүүхэд мал аж ахуйн хөдөлмөр эрхлэх нэг шалтгаан болж байна. Мал аж ахуйн ажилд элбэлцэх болсон дундаж нас 8 байхад, бие дааж мал маллах болсон нас 10 юм. Эдгээр нас нь монголчуудын уламжлалт заншлын үүднээс мал аж ахуйд туслахад боломжтой гэж тооцогдох боловч хүүхдийн хөдөлмөрийн талаарх олон улсын хэм хэмжээтэй харьцуулвал зөрчилдөж байгаа юм. Ажил эрхлэх насны доод хязгаарын тухай ОУХБ-ын 138 дугаар Конвенцид зааснаар буурай хөгжилтэй болон хөгжиж буй улс орнуудад хүүхэд хөнгөн ажил эрхлэх насны доод хязгаарыг 15 гэж тогтоосон байна. Гэвч хүүхэд ямар нөхцөлд тухайн ажлыг гүйцэтгэж байна, дэргэд нь хэн зөвлөн тусалж байна, хэр олон цаг ажиллаж байна зэрэг нөхцөл, хамгаалалт, ажлын мөн чанар, зорилго зэрэг олон үзүүлэлтийг харгалзаж үздэг. Эдгээрийг үндэслэн хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, ёс суртахуунд хохирол учруулж болзошгүй ажилд 18 наснаас доош насныхныг ажиллуулахыг хориглосон байдаг.

~”Мал дагавал ам тосдоно” гээд УНААЧ  хүүхдийн эрхийг зөрчсөөр байх уу?~

Айлд амьдарч мал малладаг хүүхэд

Мал аж ахуйд ажиллаж байгаа хүүхдийн талаас дээш хувь нь өөрийн гэртээ байж мал малладаг бол 30.4 хувь нь айлд амьдарч, мал аж ахуйн хөдөлмөр эрхэлдэг нь ихээхэн анхаарал татаж байна. Айлын малыг нь маллахын зэрэгцээ тухайн айлын гэр орны өдөр тутмын бүхий л ажлуудад гар бие оролцож байх жишээтэй. Мал маллах болон гэрийн үйлчлэгчийн ажлыг хүүхдүүд өөрийн гэртээ хийж байна уу эсвэл өөр айлд хийж байна уу гэдэг маш нарийн. Хүүхдээ айлд ажиллуулж буй эцэг эхчүүд хүүхдийнхээ суурь боловсролд төдийлэн анхаардаггүй нь илт юм. Хөдөөгийн сургуульд сурч буй хүүхдүүд голдуу дотуур байранд амьдардаг ч долоо хоногийн амралтын өдрүүдээр айлд мал маллах, гэрийн үйлчлэгчийн ажлуудыг хийж байна. Харин зуны амралтын турш тэд мал маллах, гэрийн үйлчлэгчийн ажлуудыг хийдэг. Өөрийн гэрээс өөр орчинд ажиллах нь далд хэлбэрээр хүүхдийн хөдөлмөрийг мөлжих, хүүхдийн үндсэн эрхүүдийг нь зөрчихөд хүргэдэг тул олон улсын түвшинд уг асуудалд илүү нухацтай ханддаг. Гэрээсээ хол мал маллах хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүд эцэг, эх гэр орноо санах, өлсөх, даарах, халууцах, түүнчлэн зодуулах, айх, ажлын ачаалал хэт их байдгаас ядрах, мал төллүүлэх алдсан мал хайх, өвдөх, охидын хувьд гэрийн эзэд нь архи уун дарамтлах, бэлгийн дарамтад өртөх тохиолдол тодорхой хэмжээгээр гардаг. Иймээс айлд мал маллаж байгаа хүүхдийн хөдөлмөрийг ялангуяа суурь боловсрол эзэмших насны хүүхдийн хөдөлмөрийг хориглоход буруудахгүй болжээ.

Нэгэн жишээ 1: Улаанбаатар хотод ам бүл долуулаа амьдарч байсан 16 настай Г амьдрахын эрхээр сургуулиасаа гарч Сэлэнгэ аймгийн Зүүн хараа суманд малчин М-ийнд таван жилийн хугацаатай мал маллахаар очжээ. Очоод удаагүй байхдаа хонио хариулж явахад нь хонь руу нь чоно орж, олон тооны мал барьсан байна. Үүнээс болж хүү өөрийгөө боомилж нас барсан эмгэнэлтэй хэрэг гарч байсан аж.

Мал маллаж байгаа хүүхдийн хөдөлмөрийн хөлс, ажлын нөхцөл

Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй нийт хүүхдүүдийн дийлэнх хувийг мал аж ахуй, газар тариалангийн салбарт хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүд эзэлж байна. Тухайн хүүхдүүдийн бараг тэн хагас нь ямар ч цалин хөлсгүй ажилладаг. Төлбөртэй ажилладаг хүүхдүүдийн олонхи нь мөнгөн бус хэлбэрээр, ихэвчлэн хувцас, хоол хүнс хэлбэрээр хөлсөө авдаг байна. Бичгээр хийсэн гэрээ, хэлцэл байдаггүй тул хүүхдүүдэд төлж буй хөлс нь тэдний хийж буй ажилтай харьцуулахад маш бага байдгаас гадна хүүхдүүд, өөрийн эрхээ хамгаалах ямар нэг шаардлага тавих боломжгүй байдаг. Хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдийн дийлэх нь өрхийн үйлдвэрлэлд цалин хөлсгүй ажилладаг. Хүүхэд насандаа сурч хөгжих боломж нөхцөл хязгаарлагдаж улмаар хүүхдийн амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө бүхий тэвчишгүй хөдөлмөрийн хэлбэрүүд мал аж ахуйн салбарт байх магадлал өндөр байна.
Иймд мал аж ахуйн хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдийн амьдрал, ахуйн нөхцөл, хөдөлмөр хамгаалал, эрүүл мэнд, боловсролын тал дээр анхаарах цаг нь болжээ. Мал аж ахуйд хөдөлмөр эрхлэгч өрхийн талаас илүү хувь нь 100 хүрэхгүй малтай ядуу амьдралтай. Бэлчээрийн мал аж ахуйн нь өвөл, хаврын хавсарга, зуд, цасан болон шороон шуурга, зуны хэт халуун, ган зэрэг байгаль, цаг уурын эрсдэл бэрхшээлтэй нөхцөлд явагддагийн хувьд хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамруулан үздэг билээ. Иймд эрх зүйн хүрээнд хөдөө аж ахуй, түүний дотор мал аж ахуйн салбарт хүүхэд ажиллах нөхцөл, шалгуурыг тодорхой болгож, ямар хэлбэрийн хөдөлмөрийг зөвшөөрөх, алийг нь хориглох тухай зохицуулалтыг илүү боловсронгуй болгох шаардлагатай байгаа юм. Боловсролтой малчин л хүнд хүчир хөдөлмөрөө хөнгөвчилж, мал адгуулах арга ухаанаа баяжуулан сайжруулж, дэвшилтэт технологи нэвтрүүлснээр сайн сайхан амьдрах болно. Тэгэхээр боловсролтой малчин хүний хүүхэд л боловсролтой малчин болж чадах болов уу.

Хүүхдүүд хаачив аа! Тэд мунхаг харанхуйн манан дундуур морио унаад оджээ.
Уншиж бичиж барахгүй, ургуулж тоолж дөнгөхгүй хөдөөг зорьжээ. Унших бичих, тоолж бодох хэрэг тэдэнд маань алхам тутамд нь тохиолдоно. Яана даа!

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих