1492770172_galshar

Түмэнд алдартай Галшар удмын адуу

Галшар үүлдрийн адууг Цэцэн хан аймгийн Хардал жанжин бэйсийн хошуунд одоогоос 120 гаруй жилийн өмнө бий болгожээ. Энэ адууг Монгол улсын тал хээрийн бүсийн бараг бүх аймаг, сумдад хурдны чиглэлээр ашигладаг. Түүхэнд Чингис хааны агтчин, адуучин нараас Харалдайн нарын үр удмын тухай тэмдэглэгдэн үлдсэн байдаг бөгөөд тэд Хэрлэн мөрний урд биеэр нутаглаж ахуйд ойролцоох Дархан уулнаа адууны хороо байрлаж, цэргийн зэр зэвсэгийн үйлдвэрлэл явагддаг байжээ. Тэрхүү Харалдайн үр удам хожим Хардал жанжин бэйсийн удмынхан болсон хэмээх судлаачдын таамаг бий.

Өгөөдэй хааны үед Багдадаас урт хүзүүтэй, өндөр хөлтэй морьд авчруулсан тухай МНТ-ны 274-р талд дурджээ. Өөр нэгэн сударт “ороо нь орсон байдсан гүүг нуурын усанд умбуулж, хариас авчирсан азарганд гишгүүлээд мянган газрын гүйдэлтэй морь гаргадаг, тийм хүлэг морины хөлс, шүлс зэрэг нь улаан туяатай болой” гэж тэмдэглэсэн байдаг гэнэ. Харин Марко Пологийн тэмдэглэлд “Их хаанд нэг зүйлийн аливаа толбо сэвхгүй цагаан зүсмийн агт хийгээд гүүнүүд байсан. Тэдгээр гүүний тоо түм хүрэх ба айргийг нь зөвхөн их хааны ургийнханаас өөр хүмүүс уух хориотой байсан”. Мөн “өдөр бүр хар гүүний сүүг дээдсийн зоогт хэрэглэдэг ба түүнийг “нарийн сүүн” гэдэг.

Чингис хаан аян дайн, ан ав зэрэгт хул, хонгор, цавьдар, хээр, халиун саарал зүсмийн агт унадаг хэрнээ ихэс дээдсийн идээ ундаа, зоогт дан цагаас эс бөгөөс тас хар зүсмийн адууны саам, айраг хэрэглэдэг байсан” хэмээн тэмдэглэжээ. Судлаачид эл мэдээг лавшруулан судалж эдүгээ цагийн хавдар зэрэг эдгэшгүй өвчин эмгэгт туршиж үзэх хэрэгтэй хэмээн үзэх нь бий.

Түмэнд алдартай Галшар удмын адуу

Хардал жанжин бэйс Монгол, Төвд, Энэтхэгийн морины шинж, өвчин заслын судар номыг бүрэн судалсан, арвин их номын цуглуулгатай байв. Тэрбээр 1924 онд 80 насандаа нутгийнхаа шилдэг уяач, шинжээчидтэй хамсан “Нууцаас нууц, далдаас далд шулуун журамт” судар зохиосон нь монгол адууны шинжийн судрын охь манлай болсон гэдэг. Хардал бэйсийн уйгагүй зүтгэлийн үр дүнд Монголын шигшмэл адуун сүрэг цугларч, уяа заслаар нарийн шилэгдсэн Галшар хэвшлийн адуу бий болжээ. ХХ зуунд Халхад хурдан хүлгээрээ дийлдэшгүй ноёрхож суу алдар нь түгсэн энэ хүн Ардын засгийн жилүүдэд “Өвгөн ноён” хэмээгдэн нутаг усандаа хүндлэгдсээр 1930-аад онд 88 насандаа таалал төгсчээ.

Галшар адууны толгой хөнгөн, хараа хурц, чих босоо, хөлийн шөрмөс тод бөгөөд бүдүүн зэрэг галбирын онцлогтой. Галшарын адуу нь Монголын төвийн бүсийн адуутай харьцуулахад сэрвээний өндөр 2.6 см, цээжний бүслүүр 4.1 см, шилбэний бүслүүр 1.3 см илүү, биеийн уртаар бараг ялгаагүй боловч амьдын жингээр 35 кг орчмоор илүү байдаг аж.

2016 онд “үүлдэр” болгон баталж ХХАА-н гэрчилгээ олгожээ. Галшар адуу нь үүссэн цагаасаа эдүгээг хүртэл Монгол наадамд насны ангилал бүрд айргийн 5 түрүүний 2-3-ыг эзэлж ирсэн бөгөөд Галшар үүлдрийн 30 гаруй удам байгаа гэнэ. Жич: Галшарын адууны баяр нь Хэнтий аймагт сүүлийн хэдэн жилд зохион байгуулагдаж буй тогтмол эвент болсон бөгөөд дотоодын аялал жуулчлалын томоохон урсгалыг чиглүүлэх боломжтой.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих