Mongol ger_urlagiin buteel

Монгол гэр бол гайхалтай УРЛАГИЙН БҮТЭЭЛ

Монгол гэрийн урлаач, өвлөгч нар нь хана, унь, тооно, хаалга, багана урладаг модны дархан, түүнийг хээлэн чимэглэгч будагчин, зүмбэрчин, сийлбэрчин, эсгий бүрээс урлаач оёдолчин, гэрийн оосор бүслүүр хошлон томж, ширдэг ширэгч уран үйлчид юм.

Урлаачид гэрийг урлахдаа олон жилийн эдэлгээ, нүүдэл тээвэрлэлтийн ая даах бөх бат чанарыг онцгой анхаарч, үе үеийн оюуны их ололтыг багтаасан мэдлэг ухаан, бэлгэдэл, ѐс уламжлалыг баримтлан өөр өөрсдийн өвлөж авсан гар урлалын өвөрмөц арга барилаар урлан бүтээдэг.

Монгол гэрийн урлалд гэрийн яс модны урлал, түүнийг хээлж чимэглэх, сийлбэрлэх үйл ажиллагаа гол байр суурь эзлэнэ. Олон үе дамжин боловсорсон технологийн чанд горим, нарийн чимхлүүр ажиллагаа, ур ухаан, цаг хугацаа шаардсан энэ урлал ихэнх тохиолдолд удам дамжин үеэс үед өвлөгдөж, цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцэн хөгжиж ирсэн.

Монгол гэрийн хананаас бусдыг хээгээр чимэглэдэг. Эрт үеэс Монголчууд өнгөний нөлөөг сайн судалж, улаан, улбар шар өнгө бол нарны дулаан орчинг гэрийн дотор бүрдүүлнэ гэж үзэж ирсэн.
Монгол хээ маш олон янз. Монгол гэрийн модыг хээ угалзаар чимэглэхэд цаад дэвсгэр өнгө ихэнх нь улаан ба улаан хүрэн (тооно, багана, унь, хаалга), харин зөвхөн унины цээж хэсэг ногоон байдаг. Үүн дээр хээ угалз зурна. Унийг эв нэгдлийн бэлэгдэл болгож ихэвчлэн үүлэн хээ, эвэр угалз, луу хээгээр чимэглэдэг. Үүний дараа хээ угалз солонгорон гэрийн тавилга, гэрийн доторх зүйлс дулаан өнгөнд нэгдэн зохицдог байна.

~Монгол гэр бол гайхалтай УРЛАГИЙН БҮТЭЭЛ~

Монгол гэрийн гоёл чимэглэлийн тухай Марко Поло: “Удган модоор засаж хийсэн гурван баганатай, гадна тал нь хар, цагаан судалтай, туйлын гоё арслан, барын арьсаар бүрж, хамгийн сайхан, хамгийн үнэтэй булга, суусар, үенгийн арьсаар доторлож, хээ хуараар чимэглэн оёжээ”гэж бичсэн байдаг.

Монголчууд тооныг гэрийн “Сүлд”гэж дээдэлдэг. Тоононы улаан өнгөтэй холилдсон нарны гэрлийг гэрийн дотор хэт хурц байлгахгүйн тулд унины цээжийг ногоон өнгөөр будаж тайвшруулан, гэрийн доторх бусад өнгөний зохицлийг бүрдүүлдэг. Зүймэл хүрээтэй тоононы хүрээ өргөн тул хээ тавихад илүү тохиромжтой. Тоононы голыг ихэвчлэн нацагдорж, бадамцэцэг, үүлэн хээгээр, тоононы хүрээг найман тахил, алхан хээгээр битүү чимэглэдэг. Баганыг арван хоёр жил, арслан бар, уул, үүлэн хээгээр чимэглэх нь элбэг.

Эсгий үүдийг ихэвчлэн цэцэг навч, ан амьтан бүхий хээгээр хээлж ирсэн бөгөөд дараа нь зузаан яс модон дан ба давхар самбартай хаалга дэлгэрсэн. Хаалгыг бат бөх хамгаалалт, хаалт, мөн айлын өнгө үүднээсээ гэж бэлгэдэн, гэрийн өөдрөг байхыг илэрхийлсэн өлзий, дөрвөн хүчтэн, буга согоо, түмэн наст хээгээр чимэглэдэг. Мөн хийсэн зүйлээ эвдрэхгүй, бат бөх байлгахын тулд төмөр цоож, ган дөрөөн дээр хас тэмдэг дүрсэлдэг. Эсгий үүдэнд усан долгио бүхий хээ ширдэг нь энэ гэрийн аз жаргал, мал сүрэг далай мэт элбэг байхыг бэлэгдэж байжээ. Эртний монгол хаадын өргөө нь шаргал, хөх, цагаан өнгийн торгон бүрээстэй байснаас алтан орд, хөх орд, цагаан орд гэж нэрлэж заншжээ.

Монгол гэр шинэ орчинд байр сууриа олж, монголын уудам талаас хальж харь холын орнуудад маш их тархаж, олон чиглэлээр ашиглагдаж байна. Аялал жуулчлал эрхэлдэг байгууллагууд гэр отог, жуулчны баазад өргөн хэрэглэх болов. Ердийн дөрөв, таван ханат гэрээс гадна гоо сайхны өндөр түвшинд урласан хүндэтгэл ѐслолын орд өргөө, тэргэн дээрхи эртний гэр, олон ханат том гэр барьж ресторан маягаар ашиглаж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих