hoer eejiin huu

Сургамжит өгүүллэг: Хоёр ээжийн хүү

Линколны эцэг эх үнэхээр ажилч хичээнгүй хүмүүс байжээ. Цайгаа уучихаад аав нь гадаа талбайдаа гарч үр цацаж, мод түлээгээ хагалан бэлтгэж усаа авна. Ээж нь аяга таваг, хувцас хунараа угааж, гэрээ цэвэрлээд Сара, Линколн хоёрт үлгэр домог уншиж өгдөг байжээ.

Хүүхдүүд нь мөн л тэднийг даган ажилч хичээнгүй болон өсч байлаа.

Нэг өдөр Линколн гунигтай гэгч нь гөлрөн сууж байв. Түүнийг харсан ээж нь аавд нь хандан “Өвгөөн, хажуу талын тосгонд сургууль нээгдсэн гэнэ. Эднийгээ сургуульд явуулбал ямар вэ?” гэхэд Линколны нүд нь сэргэн баярлаж “Ээж яаж миний санааг ийм сайн мэддэг байнаа?” гэж дотроо ихэд баярлав.

Гэтэл аав нь “Бичиг үсэг заавал сурах шаардлага байгаа юм уу? Би бичиг үсэг мэдэхгүй ч гэсэн та нарыг сайн л тэжээж байгаа биз дээ. Сургууль үнэгүй юм заахгүй биз дээ” гэжээ.Линколн аавынхаа бодлыг өөрчлөгдөх байх гэсэн итгэлээр ажлаа улам сайн хийх болж орой бүр бурханд залбирч байв. Аавынх нь бодол долоо хоноход өөрчлөгдөж, Линколн эгч Сарагийн хамт сургуульд явах боллоо.

Тэр сургууль ганцхан ангитай, тэнд Линколн Сара хоёрын адил ядуу хүүхдүүд сурдаг байжээ. Багш Лайни нь маш ухаалаг, нинжин сэтгэлтэй хүн байв. Багш нь цалингаа авч чаддаггүй учраас эцэг эхчүүд өөр өөрсдийн чадах зүйлээр Лайни багшид нь тусалдаг байлаа. Линколны ээж Ненси багшид нь яг таарсан сайхан хувцас оёж өгч баярлуулдаг байсан бөгөөд гуталгүйн улмаас хөл нүцгэн явдаг хүүхдүүдэд оймс нэхэж өгдөг байжээ…

~Сургамжит өгүүллэг: Хоёр ээжийн хүү~

1818 онд тэдний амьдарч байсан тосгонд “Сүүний өвчин” гэдэг аймшигт өвчин гарч Линколныг арван нас хүрч байх тэр жил хайрт ээж нь нас барж, тэдний гэр бүл маш их уй гашуунд автжээ. Аав нь уулын гүнээс царс мод бэлтгэн өөрийн гараар авсыг нь хийв. Хүү гунигтайгаар аавдаа хажуугаас нь туслан, бүр авсыг хадах ажлыг хүү өөрийн гараар хийжээ. Бяцхан хүү Линколнд энэ гуниг зовлонг давах нь юунаас ч илүү хүнд байлаа.

Линкольны хамгийн агуу багш нь түүний ээж байсан бөгөөд хүү “Ээж минь миний тэнгэр элч” гэж нэрлэдэг байсан бөгөөд ээжийнхээ шарил дээр байнга очдог байжээ.

Өөд болсон ээжийнхээ оронд Сара гэрийнхээ ажлыг хийх болж бяцхан гараараа юм угааж, гэр орноо цэвэрлэж хоол хийх зэргээр чадлаараа зүтгэнэ. Гэсэн хэдий ч гэр орон нь бохир заваан болж, хувцас хунар нь үнэр орон халтартаж, хоолоо ч алдаг оног иддэг болжээ. Хамгийн харамсалтай нь тэд сургуульдаа явж чадахаа больсон байлаа.

Энэ мэт нэгэн жилийг үдэж байтал аав нь нэг өдөр урьд хараагүй нэгэн эгчийг гурван хүүхдийнх нь хамт морин тэргэндээ суулган ирээд “Өнөөдрөөс эхлэн энэ хүн та нарын ээж болно. Мэндлээрэй” гэхэд шинэ ээж болох тэр эгч үнэхээр элэгсэгээр тэдэнтэй танилцжээ. “Хүүхдүүд ээ, та нартай уулзсандаа баяртай байна. Өнөөдрөөс эхлэн бид нэг гэр бүл боллоо шүү дээ.

Энэ Элизабет, энэ Матилда, отгон хүүг Жонь гэдэг” хэмээн хүүхдүүдээ танилцуулав.
Жижигхэн дүнзэн байшин дахин цэвэр цэмцгэр болж халуун хоол ундтай баяр хөөртэй болжээ. Шинэ ээж нь маш ухаалаг, хөгжилтэй эмэгтэй байв. Тэр өөд болсон ээжийнх нь адил хүүхдүүдийнхээ боловсролд маш их анхаардаг эмэгтэй байлаа.

Ялангуяа шинэ ээж нь Линколны хурц ухааныг сайшаан магтаж сургуулиа хаясныг ихэд буруушааж ааваас нь хүүг сургуульд үргэлжлүүлэн явуулах тухай байнга гуйдаг байжээ. Тэр бүрт аав нь “Одоо хийх ажил их байхад яаж сургуульд явуулах вэ” гээд зөвшөөрдөггүй байв.
Шинэ ээж нь энэ асуудлыг тэгээд л нэг өнгөрөөсөнгүй “Ийм ухаантай хүүхдийг ингэж гэрт нь байлгаж болохгүй шүү дээ” гэж аавыг нь ятган ятгасаар дүү Жоньтой нь хамт Линколныг дахин сургуульд явуулжээ.

Линколныг номонд дуртайг мэдэх шинэ ээж нь түүнд янз бүрийн ном энд тэндээс олж авчирч өгдөг байв.
Нэг өдөр аав нь ямар нэгэн бичиг авчирч шүүгээндээ далд хийж байхыг Линколн харжээ. Тэгээд учрыг асуувал аав нь “Сайн найз маань газраасаа жаахныг зараач гээд гуйгаад байхаар нь зөвшөөрөөд гэрээ байгуулчихлаа.

Чи бичиг үсэг мэддэг гэж надад гайхуулах нь уу” гэсээр гэрээг гарган өгчээ. Линколн гэрээг нэг уншлаа, нягтлаж дахин уншлаа. Бүр гурав дахиа уншиж дуусаад “Ааваа, энд газраа бүгдийг нь зарна гэж бичсэн байна” гэхэд аав нь “Арай үгүй байлгүй дээ.

Нээрэн тэгж бичсэн байна уу” гэж ихэд уурсан “Тийм бий, намайг бичиг үсэг мэдэхгүй гэж хуурч байдаг ямар сайн найз байх вэ? “ гэсээр гарч яваад гэрээгээ цуцалжээ.
Ингэж Линколн сургуульд явсны ачаар гэр бүлээ газаргүй болохоос аварч, харин түүнээс хойш аав нь Линкольныг ном уншаад сууж байхад нь уурлахаа больсон гэдэг.

Шинэ ээж нь Линколныг агуу их хүн болно гэж байнга магтдаг тул хүү ихэд урам зориг ордог байжээ.

Мөн түүнчлэн Линколны давуу тал, авьяас сонирхлыг маш хурдан танин мэдэж түүнд “Уран илтгэлд бэлдэх нь” нэртэй ном бэлэглэсэн байлаа. Хэрэв хүнийг хайрын нүдээр харах аваас нуугдмал давуу талуудыг нь дорхноо олж болдог ажээ.
Хүү тэр номоо уншиж ой дотуур явангаа сүрлэг модны өмнө зогсоод чанга гэгч нь ярьж сургуулилалт хийдэг байсан нь түүнийг хожим ерөнхийлөгч болоход нь ихэд тусалсан билээ.

Хожим Линколн шинэ ээжийн минь хайр, итгэл үнэмшил намайг амжилтанд хүргэж, ерөнхийлөгч болгосон билээ хэмээн дурсан ярьдаг байжээ.Ингэж хоёр сайхан ээж, багш нарын агуу их хайр шингэсэн хүү хожим Америкийн ард түмнийг бүхэлд нь зүрхэндээ багтаан хайрлаж чадсан суут удирдагч болсон билээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
5 (1 vote)

Сэтгэгдэл бичих