19553d959d936a235aeba3544d050401

Мориор аялагч бүсгүй ОХУ-ын Петропавловка тосгонд хүрлээ

Монгол сумыг Польшийн Краков хотод хүргэхээр мориор аялаж байгаа Италийн аялагч, 40 настай бүсгүй Паола Жаконими дөрөвдүгээр сарын 1-нд ОХУ-ын Воронеж мужийн Петропавловка тосгонд хүрлээ.

Паола Монголоос Краковт хүргэхээр Орос, Казахстанаар дамжин, хүнд хэцүү морин аялал хийж байгаа. Паола Жакомини бол Италийн хөдөө аж ахуйн эрдэмтэн. Тэр Монголын Эзэнт гүрний цэрэг Европ тивд довтолсон замыг давтан аялж үзэхээр шийджээ. Энэ аяллаараа тэр Ази, Европын ард түмний дайн дайсагналыг найрамдал нөхөрлөл болгон хувиргах нэгэн санаа агуулсан байлаа.

Алс тэртээ 1241 онд монголчууд Польшийн Краков хотыг эзлэхээр дөхөн ирсэн байлаа. Хотын Гэгээн Мария сүмийн орой дээр бүрээчин цэрэг түгшүүрийн дохио хангинуулан үлээж байхад монгол харваач хүзүүнд нь харван алсан байдаг. Энэ үеэс өнөө цагийг хүртэл Краковт тэр бүрээчний үлээж байсан аялгуу эгшиглэж байгаа. Аялгуу бүтэн явдаггүй, яг тэр бүрээчин алагдах хүртлээ үлээсэн  хэсэг хүртэл тоглогдоод тасардаг байна. Паологийн зорилго нь энэ түүхийг өөрчлөн, сайн сайхнаар төгсгөх. Монголд хийлгэсэн энх тайвны сумыг харвах биш бүрээчинд дамжуулан өгөх явдал гэнэ. Дайн дуусаж, энх тайван цаг ирсэн гэдгийг Монгол, Польшийн ард түмэнд дуулгаж, хоёр орны ард түмнийг эвийн гэрээгээр холбох аж. Тэрбээр Краков хотын сүмийн орой дээр өдөр бүр тоглодог хөгжимчинд энэ талаараа захиа бичиж, монгол сум гардуулан өгөх гэж байгаагаа мэдэгджээ.

Паола 2018 оны хавраас хойш Монголоос Алтайн нуруугаар дамжин, ОХУ-д орж ирсэн. Дараа нь Барнаул, Оби дахь Камень, Новосибирск, Омск хотуудыг дайраад Уралын нуруугаар аялсан байна. Харин одоо ОХУ-ын Европын хэсэгт ирээд байгаа юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих