argaliin utaa

Амьд шидтэй аргалын утаа

Аргалд ариусгах олон шинж байдаг гэсэн. Бид үүнийгээ мэдэхгүй малын баас гэж сэжиглэн тойрч зугтдагаа нуугаад яахав.

Аргал бол зөвхөн түлш болоод зогсдоггүй эм болдоггоороо хор цацдаг нүүрснээс хавьгүй ариун эд гэдгийг монголчуудын нүүдлийн малчны соёл иргэншил эрт нотолчихсон зүйл.

Нэгд. Аргалын утаанд утагдаж насаа элээдэг учраас монгол малчид хэр баргийн өвчинд нэрвэгддэггүй, төрийн байтугай өрхийн эмнэлэг ч шаарддаггүй байсан урт түүхэн замнал бий. Аргалын утаа, эрүүл агаар хоёроор амьсгалдаг тул хөдөөнийхөн одооны “амьсгалын замын гэгдэх” өвчинд нэрвэгддэггүй байсан гэж болно. Итгэмээргүй мэт боловч итгэлтэй хэрэг.

Хоёр.Монголчуудын аргалын утааны нууцыг Энэтхэгийн нэгэн эмч, эрдэмтэн доктор Шарма олж мэдээд монголоос аргал аваачаад Энэтхэгийн уушгины тахал туссан хүмүүсийг аргалын утаагаар утсан чинь их амжилт олж утааны эдгэрүүлэх чадалд гайхсан байна.(Энэ мэдээг дахин дахин хэлүүштэй) “Аромотерапия” буюу “үнэрээр анагаахуй” нийтлэлд ч дурьдсан.

utaa-argali

Аргалын утаа 300-аад нянг устгах чадвартайг Японы эрдэмтэд судалж тогтоожээ

Гурав. Японы эрдэмтэн аргалын утааг судлаж үзээд элдэв өвчлөлтийн нянг устгагч байгааг тогтоожээ. Аргалын утаанд янз бүрийн нянг устгагч байгаа гэж тэр эрдэмтэн үзсэн нь аргалын утааны тухай яриад буйн том баталгаа болж өгөх мэдээлэл юм.

Тэгэхдээ монгол малчдын шээзгийнд түүж цуглуулдаг “монгол арга” л тийм чанартай болохоос өөр орны өөр малын баас тийм биш нь мэдээж. Сарлаг гэхэд л 200-гаад төрлийн эмийн ургамал иддэг мал шүү дээ.

Дөрөв. Монголчууд судар номыг баринтаглаад хойморынхоо авдар дээр нандигнан тавьдаг түгээмэл уламжлалтай билээ. Авдар дээр тавиастайгаар олон жилийг өнгөрөөсөн судар аргалын утаанд шаралтлаа нэвчсэн байдаг.

Тийм судрууд манай үндэсний Төв номын санд хэдэн зуугаараа бүүр 1920-иод “Судар бичгийн хүрээлэн” байгуулагдахаас эхлээд бараг зуу шахам жил хадгалагдаж байгаа. Гэтэл тэдгээр судруудад орчин үеийн цаасан номны өвчин болох мөөгтөх, хорхойтох, чийгтэх, тоосжих аюул огтхон ч халдаагүй байсаар байгаа билээ.  Энэ бол бас аргалын утааны нэг гайхамшгийн нотолгоо юм.

Аргалын утаа бургилсан малчны гэр ариун болой.

Лодонгийн Түдэв

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих