Хурдан морины амьсгааг задлах аргыг тар арга гэнэ. Тарлах газрын хэмжээг 1-2 км байвал зохимжтой байдаг аж. Моринд анхны тар хамгийн чухал. Тиймээс их анхааралтай хандах хэрэгтэй. Эхлээд олон морьдтой хол ширүүн тарлавал морь шантарч, зүрх нь үхэж, уухиа хөөрүү, түүгээрч үл барам чичирдэг болно.
Анхны тарыг болж өгвөл ганцааранг, эсвэл ойр хурдтай, цөөн морьдтой, ойр газар зөөлөн хийх нь зөв. Үүний тул эргэнгүүт ухасхийхгүй, шогшиж, хатируулж явснаа нэмэн нэмсээр татахын өмнө жаахан цахилуулж болно.
Цаашдаа сунгаа, давхил бүрийн өмнө хийх ба харин тулгаж тарлах уу, тарны дараа амралттай давхил өгөх үү гэдэг нь морь мориныхоо янз байдлыг харж байгаад таны өөрийн шийдэх хэрэг мөн.
Ямар ч морь тарны дараа бие нь чангардаг. Хөлс авсны дараа харин бие нь суларч байдаг. Таны уясан морь сунгаа, давхилд биеийг нь чангалаад мордуулбал сайн байна уу, суллаад мордуулбал сайн байна уу, гэдгийг тэр үе мэддэг жамтай.
Нэг сарын уяаны туршид морийг 8-9 удаа тарлана. Хуурай догшин тарыг морины амьсгааг онгойлгоход сайн гэх нь бий боловч ихэнх хашир уяачид үүнийг бараг цээрлэдэг. Тарлахдаа морийг голцуу биеийг нь сайн халааж хөлс үзэж байж тарлах нь зөв.