Монголчуудын амьдран суух эсгий гэр нь байгаль газар зүйн нөхцөл, нийгмийн хөгжилтэй уялдан цаг хугацааны явцад боловсронгуй болж хөгжсөөр ирсэн.
Монгол гэрийн талаар бичсэн анхны Хятадын эх сурвалжийн мэдээнд: МЭӨ 629 онд “Умард зүгийн Хүннүгээс өмнөх үеийн монгол аймгууд майхан маягийн сууцанд сууж байв”гэж тэмдэглэгдсэн байдаг.
3000 жилийн өмнөх хүрэл зэвсгийн үед орон сууцаа бүрэх эсгий үйлдвэрлэх болсноор Монгол нутагт эсгий гэр үүссэн. Энэ үеийн гэрийн хэлбэр хийц нь XIII зууны үеийн монгол ханат гэртэй төстэй болж, өдийг хүртэл их хувьсаж өөрчлөгдөлгүй уламжлагдаж иржээ.
12, 13-р зуунд 24, 75 ханатай Их хаадын болон Их хуралдайн гэрүүд, 17–р зуунд Эрдэнэзуу хийдэд түмэн хонины ноос оруулж 80 их цагаан эсгийгээр бүрсэн 80 гэрийн хэмжээтэй Бат-өлзий гэр зэрэг асар том гэрүүдийг уламжлалт аргаар барин ашиглаж байсан.
XIII зууны үеийн монгол хаадын олон арван шар хөллөсөн их гэр тэргэн нүүдэл тухайн үеийн гайхамшиг болж, суурин иргэдийн нүдэнд тал дээгүүр хөдөлж яваа хот мэт харагддаг байжээ. Их гэр тэргэнээс гадна дөрөв, найман үхэр хөлөлсөн бэсрэг гэр тэрэгнүүд нилээд ашигладаг байсан.
~Эртний үеэс уламжлалт, эцгийн минь голомт МОНГОЛ ГЭР минь…~
Нүүдэлчдийн гэрийг хийц, гадаад хэлбэрээр нь монгол, түрэг гэр гэсэн 2 ангилдаг ба монгол гэрийг халх, баяд, дөрвөд, буриад гэр гэж ялгана.
Нүүдэлчин ард түмний соёлын нэгэн илэрхийлэл болсон гэр сууц нь урлагийн бүтээл болохоос гадна шинжлэх ухааны ололтууд, ардын ухааны цогц бүтээл юм. Энэ их ухааны нэг хэсэг нь монгол гэрийн агаар солилцоо болон дулааныг хадгалах өвөрмөц чадвар юм. Хаалгаар нэвтэрсэн хүйтэн агаар гэрийн доогуур байрлах халуун агаартай солилцоо явагдсанаас монгол гэрт байнгын цэвэр агаар нэвтэрч байдаг. Малынхаа ноосоор хийсэн эсгий туурга цагт 500 удаа агаар солилцож чаддаг байна.
Монгол гэр дугуй хэлбэртэй байдаг нь сууцны талбайг бүрэн эзэмшихэд ашигтай, намхан байдаг нь салхи шуурганд тогтвортой, эсгийгээр бүрдэг нь дулаан, тоононы нүх нь салхи оруулах болон гэрэлтүүлэх зориулалттай, дулааны хамгийн бага алдалтай байх нөхцлийг бүрдүүлсэн бөмбөрцөг хэлбэртэй, тооноор орж байгаа нарны илч гэрийг дулаацуулах ач холбогдолтой юм.
Тооноор туссан нарны гэрлээр өдрийн цагийг тодорхойлдог байжээ.
Гэр дугуй хэлбэртэй учраас булан тохойд нь муу энерги хуримтлагддаггүй, гэрт байгаа хүн сайхан унтаж амардаг, хүний уур бухимдал амархан тайлагддаг.
Монгол гэр нь уламжлалт гар урлалын олон төрөл зүйлийг цогцоор нь агуулж, гэрийн орон зайд шүтэн барилдсан ёслол, зан үйлүүд нь монголчуудын нүүдлийн соёлын хэв маяг, үндэстний өвөрмөц онцлогийг илтгэн харуулж байдаг тул “Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл”-ийг 2013 онд ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний СББӨ-ийн төлөөллийн жагсаалтад бүртгэн авсан.