АХ-ын 91 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадмын их насны морьдын уралдаанд аман хүзүүнд давхиж эзэндээ / Ховд аймгийн Дарви сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Үржинбадамын Атарсайханд/ төрийн наадмын анхны айргийг нь авчирсан Ембүү хул Сүхбаатар аймгийн Асгат сумаас тодорсон бас нэгэн хурдан хүлэг юм.
2009 оны хавар тавдугаар сарын 3-нд Ү.Атарсайхан эртний танил Л.Дуламрагчаагийнд сайн их насны морь авахаар очжээ. Тэд 2007 онд Асгат сумын баяр наадамд түрүүлсэн хүрэн халзан морийг нь наймаалцан анх танилцаж байсан юм. Ү.Атарсайхан хүрэн морийг нь уяж, Монгол түмний морины их шүтээний нээлтэнд түрүүлгэн, 2009 онд улсын наадамд есөд хурдлуулсан тул Л.Дуламрагчаа таатай хандах. Тиймээс уягдаж байгаагүй ч удам сайтай ухаа халзан морио зааж, “Сайн адуу авъя гэж байгаа бол наадахаа ав. Удам судар сайтай юм” хэмээж. Есөн нас хүрч буй битүү морь Ү.Атарсайханы сэтгэлд нийцэж, 1.5 сая төгрөгт бодон авахаар болж, ижилсүүлэн бас нэг хээр халзан морь авч. Ийн шинэ эзнийхээ төрсөн өдрөөр /Атарсайхан Алдарт тавдугаар сарын 3-нд төрсөн/ ирсэн ухаа халзан морь хоёр жил том бага наадамд уралдалгүй өнжиж, 2011 онд төрийн наадамд тоосоо өргөн 19-д баригдаж, дараа жил нь аман хүзүүнд хурдлан, эзэн уяачийнхаа магнайг тэнийлгэсэн юм. Төрийн хишигт хурдан хүлгийн удам, угшил, амжилтын товчооныг сонирхвол:
Удам, угшил:
Эцэг: Махбуриадын улааны төлийн төл толин сартай хүрэн азарга
Эх: Дуламрагчаагийн сумандаа тав түрүүлж, нэг айрагдсан хурдан хонгор морины төрсөн эгч хонгор гүү
Амжилтын товчоон:
2011 онд 11 настай:
– Гачуурт тосгоны 50 жилийн ойд түрүү
– АХ-ын 90 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадамд 19
– Монгол Улсын арслан Эрхэмбаярын цолны мялаалга наадамд айргийн гурав
2012 онд 12 настай:
– АХ-ын 91 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадамд аман хүзүүнд тус, тус хурдалжээ.
Ү.Атарсайхан Л.Дуламрагчаа нар хэд хэдэн удаа наймаа хийсэн бөгөөд 2010 онд халтар унагатай хул гүү авч. 2011 онд даагандаа улсад хүүхэдгүй таваар давхиж, давхар уяагаар Өвөрхангай аймгийн 80 жилийн ойд айргийн дөрөвт хурдлан, 2012 онд шүдлэн үрээ улсын наадамд зургаалаад, “Тамирын хурд” хангайн бүсийн уралдаанд аман хүзүүнд хурдалсан юм.