Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 22 дугаар тушаалаар “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын бүртгэл, гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээний маягт, заавар”-ыг батлууллаа.
Энэхүү маягт, заавар нь геологийн гаралтай, биологийн гаралтай, ус, цаг уурын гаралтай, гал түймэр, хүний үйл ажиллагаатай холбоотой осол гэсэн таван төрөлтэй. Ингэснээр Засгийн газрын 2017 оны 355 дугаар тогтоолоор батлагдсан “Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги”, 2018 оны 327 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгийн зэрэглэл тогтоох журам”, 2019 оны 01 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх журам” болон бусад холбогдох дүрэм, журам, зааврыг хэрэгжүүлэх юм.
Мөн гамшгийн хор уршгийг арилах үйл ажиллагааг шуурхай удирдах, гамшиг, аюулт үзэгдэл, ослын статистик мэдээ боловсруулах, гамшгийн хохирол, хэрэгцээний шуурхай үнэлгээ хийх, гамшгийн хохирлын мэдээллийн сан бүрдүүлэх, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн зорилтын шалгуур үзүүлэлтийг хэмжих, бусад төрийн байгууллагын мэдээллийн сантай холбогдох боломжтой боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.