Өрхийн зарлагаа баланслах хамгийн чухал. Ихэнх залуу гэр бүл тооцоогоо зөв барьж чаддаггүй учраас хангалттай мөнгөтэй байдаггүй. Мөн мөнгөө буруу зарцуулснаас болж дараа сарын цалинд хүртлээ өр тавих нь элбэг байдаг. Харин хэдэн жил амьдарсныхаа дараа гэр бүлийн хоёр орлого багатай байсан ч яаж ийгээд болгоод сурчихдаг. Тэр бүү хэл, цалингаас цалингийн хооронд амьдарч, сурч өөрсөддөө хувцас хунар, гэр орондоо ахуйн хэрэглэл хүртэл авчихдаг. Энэ нь гэр бүлийн орлогоо зохицуулж сурч байна гэсэн үг. Зарим залуу гэр бүл тооцоотой амьдардаггүйгээс мөнгөгүй болж улмаар ах дүүгээсээ гуйж тэднийхээ амьдралд дарамт учруулдаг. Бусдын төлөө амьдарч байгаа юм шиг өөрсдийн арчаагүйгээсээ болж хамаг мөнгөө үрэн таран хийчихээд түүнийгээ бусдын хүч хөдөлмөрөөрөө олсон мөнгөөр орлуулах гэж мугуйдлан зүтгэх нь яавч зөв алхам биш. Хэрэв танай гэр бүл орлого зарлагаа зөв хөтлөе гэвэл юуны түрүүнд тусгай дэвтэр нээх хэрэгтэй. Эхний хуудсан дээр нь бүх орлогоо бичээд дүнг нь гарга. Үүнд сарын цалин, бас аав ээж, ах дүүгээсээ авдаг мөнгө орохоос гадна, хулгай, дээрэм, залилан гуйлгаас бусад аргаар олсон орлого ч бас орно.
- Тогтмол зарлага. гэдэгт байр, цахилгаан, усны мөнгө, автобус унааны зардал ч орно. Энэ бүхэн нийлээд хэдэн төгрөг болохыг урьдчилан тооцоолох хэрэгтэй. Энэ бол cap бүр гарах зайлшгүй зарлага юм.
- Хоолны зарлага. Үүнийг нарийн тооцоолохгүйгээр барагцаагаар тооцоолж болно.
- Ахуйн зарлага. Сард багцаагаар гар нүүрийн саван, шүдний оо, ариун цэврийн цаас, барааны саван, угаалгын нунтаг хэрэглэнэ гэх мэтээр хэдэн төгрөг болохыг нь тооцож олоорой.
- Соёлын зарлага. Үүнд ном сонин, сэтгүүл худалдаж авах, кино, жүжиг үзэх мөнгө орно.
- Хувцасны зарлага. Өмсөх хувцсаа тооцоолж болохгүй тул ямар хувцас хэрэгтэй байгаагаа л тооцоолох хэрэгтэй.
- Гоо сайхны зарлага. Ямар гоо сайхны бараа хэрэгтэй байгаагаа үндэслэн тооцоолно.
- Тооцоонд ороогүй зарлага. Энэ зарлагад эм тариа, бэлэг дурсгал, мөн гэнэт ийш тийш явах мөнгө орно.
- Гэр бүлийн гишүүдийн халаасны мөнгө. Мэдээж хүн бүрт халаасны мөнгө хэрэгтэй. Хэрэв гэр бүлийн зарлага чинь орлогоосоо давах гээд байвал энэ зардлаас хэмнэж болно.
Ингээд орлого, зарлагаа тооцоолсны дараа гэр бүлийн эхнэр нөхөр хоёрын хэн нь тооцоогоо барихыг шийдээрэй. Хэн нь ч байж болно. Гэхдээ чөлөөт цаг ихтэй, дэлгүүр тохиролцоогоор их явдаг нь мөнгөө баривал арай дээр байдаг. Үрэлгэн бас харамч хүн мөнгө барих хэрэггүй.
Гэр бүлийн хэрүүл маргаан гол төлөв мөнгөнөөс болдог. Үүнд хоёрхон л шалтгаан байдаг.
-Мөнгө их үрсэн,
-Мөнгөө харамласан… гэх мэт.
Тийм учраас мөнгөний асуудал дээр бие биенийхээ санааг бодлыг сонсоно гэдэг ч юм уу, ямар ч байсан орлого зарлагаа тооцоолохоосоо өмнө тохиролцох хэрэгтэй. Залуу хосууд гэр бүл болсны эхний сард тооцоогоо нарийн хийх гэсний хэрэггүй. Ерөнхийд нь баримжаагаа мэдээд авчих хэрэгтэй. Харин дараа сараас нь жинхэнэ тооцоогоо барих хэрэгтэй. Ингээд гэр бүлийн хосууд туршлага суухаараа заавал данс тооцоо хөтлөхгүйгээр орлого зарлагаа хянах чадвартай болдог.