batsuuri

Жудаг дутсан залуу аваргыг түмэн таалсангүй

Үндэсний бөх бол нүүдэлчин монголчуудын нэг том өв, соёл. Тиймээс тэмдэглэлт баярынхаа өдрүүдээд бөхөө барилдуулж үнэн хүчийг үзсэн уран сайхан барилдааныг бахдан баясан харж, сэтгэлийн цэнгэл эдлэн суудаг.  Гэвч Үндсэн хуулиа баталсан 27 жилийн ойд зориулсан бөхийн барилдааны үеэр улсын аварга Н.Батсуурь аварга хүний ёс жудагт нийцэхгүй үйлдэл гаргаж олон нийтийн дургүйцлийг хүргэлээ.

Тодруулбал, тус барилдааны дөрвийн даваанд улсын аварга Н.Батсуурь, аймгийн арслан Б.Лхагвадоржтой барилдахдаа нэгэнт давах нь тодорхой үед өрсөлдөгчөө толгойгоор нь хэтэрхий чанга шидсэн шидсэн нь үзэгчдэд таалагдсангүй. Аймгийн арслан Б.Лхагвадорж тухайн үедээ зүгээр гэж байсан боловч өнөөдөр эмнэлэгт үзүүлэхэд толгой доргисон, хүзүү суулттай гэсэн эмнэлгийн дүгнэлт гарчээ. Улмаар 7-14 хоног эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон байна.

Аварга цолтой хүн бага цолтой бөхчүүддээ үлгэр дуурайлал болох, хүсэл тэмүүллийг бадраах гэх мэтээр эерэгээр нөөлөх ёстой. Тэдэнд хүчийг үзүүлж аархах ч шаардлагагүй. Би үнэхээр аварга хүн шүү гэдгээ харуулж бага цолтой бөхчүүдтэй хүч шавхан барилдах шаардлагагүй, гарынхаа үзүүрээр давах хэрэгтэй.

Харин үеийн бөхчүүд болон том цолтнууддаа л хүчээ үзүүлэх нь чухал. Харин Н.Батсуурь аварга хэдийгээр залуу хүн ч гэлээ аварга цолыг дагаж үлгэр дуурайлал, ёс жудаг ирдгийг мартсан бололтой.

Үндэсний бөх бол хүмүүсийн зүйрлээд байгаа сүмо бөхөөс огт өөр. Адилхан хүчний спорт, нэг нэгнээ ялахын төлөөх тэмцэл ч гэлээ үндэсний бөх бол эртний ёс уламжлал, нарийн жаяг дэгтэй. Үүнийг ч “Гарьд магнай” уран сайхны киногоор маш тод харуулсан байдаг. Монголчууд ч үүнийг сайн мэддэг учраас Н.Батсуурь аваргыг Амбатны Жигмэдтэй зүйрлэж байгаа гэлцэнэ. Аварга хүн олны хайр хүндэтгэлийг дааж явна гэдэг ямар их хариуцлага, ухаан болохыг залуу аварга энэ өдрүүдэд умартсан нь харамсалтай.

Эх сурвалж: eagle.mn

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих