Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд Аэросити, Зуунмод хот, Майдар хотыг Улаанбаатар хотын дагуул хот гэж тусган хөгжүүлэхээр болжээ.
Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр Зүрх уулын энгэрт баригдахаар төлөвлөгдөж буй “Майдар эко хот”-ыг Ази тивийн анхны эко хот болгон хэмээж байсан.
Төсөл зогссон ч олон улсын шинэ нисэх буудал ашиглалтад орж байгаатай холбогдуулан дагуул хотыг хөгжүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргаж “Майдар хот” төслийг хөдөлгөхөөр болжээ.
“Майдар хот” төслийн хүрээнд хийсэн хот төлөвлөлтийн суурь судалгаа, техник, эдийн засгийн үндэслэлийг холбогдох норм, дүрэмд заасны дагуу хүлээн авах, Улаанбаатар хот болон Олон улсын шинэ нисэх буудлыг даган хөгжих шинэ хотын ерөнхий төлөвлөгөөний тодотгол, Зуунмод хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан батлуулж, хэрэгжүүлэхийг холбогдох сайд, дарга, албан тушаалтанд үүрэг болгожээ.
Ингэснээр нийслэлийн хүн амын хэт төвлөрлийг сааруулан, агаарын бохирдлыг бууруулж, аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэж үзжээ.
Засгийн газрын хуралдаанаар Зуунмод, дагуул хотод амьдрах иргэдэд шаардлагатай төрийн үйлчилгээ, засаг захиргааны бүтэц бий болгох, эдийн засгийн болон татварын бодлогын бүс байгуулах санал боловсруулж танилцуулахыг мөн даалгажээ.