Эмээгийн бор гэрийн хоймор дахь хүрэн авдарын тансаг үнэр хүүхэд насных нь гэгээхэн дурсамж болон үлдсэн бидний үеийнхэн. Авдар онгойно амттан хүлхэнэ…
Монгол түмний дүүрэн билэгтэй түвшин жаргалтай амьдрахыг билэгдсэн уламжлалт эдийн сав авдар нь айлд буян тогтоож, баялагыг дууддаг гэлцдэг. Харин орчин цагийн суурин соёл, орон байрны зай талбай зэргээс шалтаглан хишиг буяны савнаасаа сайн дураараа татгалзаж, улмаар мартахад хүрээд байгаа.
Авдар бол түүхээс гадна соёлын өвийг тээгч юм. Тиймээс авдрыг бүтээх болон хээ тавих, хэрэглэхэд өөрийн гэсэн дэг, уламжлал байдаг ажээ.
Нүүдэлчдийн эл уламжлалт тавилга хэрэгсэл нь бурханы авдар, хөлийн авдар, хишгийн авдар, тахилгын авдар хэмээн ашиглалт зориулалтаас шалтгаалсан олон төрөл байна.
Тодруулбал Урдуураа онгойдог нь хишгийн авдар бөгөөд тэнд дээл хувцасаа хадгалдаг бол тахилгын авдар дээшээгээ онгойдог бөгөөд үүнд билэгдлийн 9 зүйлийг хадгалсаар чухамдаа авшиг буянаа тогтоож байна гэж үздэг ажээ.
Тахилгын авдар байх билэгдлийн есөн зүйлд:
- Цагаан хурганы арьс
- Зангидсан сур
- Таван тансаг үнэртэн буюу /арц, ганга, даль, зандан, аги/багтана. Мөн
- Есөн зүйлийн таван тарианы үр
- Таван өнгийн торго эсвэл хадаг.
- Есөн эрдэнэ
- Баадантай мөнгө
- Таван хошуу малаа дүрсэлсэн дүрс
- Азын дөрвөн шагай хийдэг байна. / Зарим эх сурвалжид нэрмэлийн охь байдаг гэж үздэг/
Одоо цаг айл бүрт авдар, авдар бүрт 9 билэгдэл байхгүй болжээ. Авдраа шүтэн амь оруулан авшиг хүртэж, дүүрэн билэгтэй түвшин амгалан аж төрж, улам ухаарахыг настан буурлууд маань захиж байгаа юм.