hural-uyachid

Уяачдын хурлаас юуг онцлов?

Монголын сорин спорт, уяачдын холбооны VII их хурал “Эв нэгдэл, хамтын ажиллагаа”  уриан дор болж байна.

Энэ удаагийн их хурлын гол зорилго нь ММСУХ-ны сүүлийн 10 жилд хийсэн ажлыг дүгнэн хэлэлцэж Улсын баяр наадмын хуульд оруулах нэмэлт өөрчлөлт болон холбооны дүрмийг шинэчлэхээр хөтөлбөртөө тусгажээ.

Хурлаар наадамд уралдах морьдыг монгол, эрлийзээр нь ялган уралдуулах, 1994 оноос хойш шинэчлээгүй холбооны дүрэм, журмыг өнөө цагт тохируулан өөрчлөх, мөн олон улсын уралдаанд хурдан хүлгээ сойж уралдах шинэ шатны хөгжлийн тухай зэрэг олон чухал сэдвүүдээр ярилцжээ.

uyachdiin holboo

VII их хурал “Эв нэгдэл, хамтын ажиллагаа” уриан дор эхэллээ.

Хуралд цугласан уяачид санал бодлоо хэлж байснаас онцлог санааг энд тэмдэглэв…

“Морин уралдааны уламжлал, шинэчлэл” хөдөлгөөний тэргүүн М.Ариунболд: 

– Азарга гэхэд 10 жилийн өмнө 500 гаруйд хүрч уралддаг байлаа. Одоо тэгвэл дөнгөж 200 орчимд хязгаарлагдаж байна. Энэ нь эрлийз адуутнуудын үйл ажиллагааны шахалтаар жирийн монгол адуутай уяачид улсын наадамд ирэхийг больсон явдал гэсэн бол

Монгол улсын Тод манлай уяач Б.Бат-Өлзий: -Сүүлийн 10 жилд эрлийз, монгол гэсэн маргаанаас болж жинхэнэ монгол адуутай уяачид наадамд морио мордуулахыг байсан нь үнэн. ММСУХ сайн ажилласан гэж зарим нь хэлэх юм. Үүнтэй би санал нийлэхгүй. Уяачдын холбоог улс төрөөс холдуулаагүй цагт холбооны ажил урагшлахгүй ээ.

Алдарт уяач С.Энхтайван:   -Монгол, эрлийз гэсэн хэрүүл маргааны улмаас монголчууд морин уралдаанд цэнгэлийн манлайг эдэлж чадахгүй байна. Би сүүлийн дөрвөн жил урам хугараад морь уясангүй. Уралдах моринд сэрвээний өндөр гэхийн зэрэгцээ, үүлдэрлэг байдал гэсэн тодорхойгүй босго тавьдаг боллоо. Үүнийг больё.

Тод манлай уяач А.Батсүх:   -Холбоо олон сайн ажил хийсэн ч зарим зүйл дээр алдсан. Өмнөх хурлын шийдвэрийг тас мартсан холбоог улс төрөөс ангид байлгах саналыг дэмжиж байна.

Дундговь, Дэлгэрцогт сум, уяач Б.Загдхорол: -Баяр наадмыг хөдөө орон нутагт зохион байгуулахад их хэцүү байна. Яагаад гэвэл тэр эрлийз, монголыг ялгахад мэргэжлийн хүмүүс алга. Одоо бүр “үүлдэрлэг” байдал гэж ярих юм бол бүр хэцүү дээр хэцүү болох нь..

Уяачдын долдугаар их хурлаар холбоог шинэчлэн байгуулахын чухлыг олон хүний санал бодол харуулав. Нэг бол эрлийз адуутай уяачид тусдаа холбоотой баймаар байна гэсэн санал ч гаргаж байсан юм.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих