“Өвчин зовлонгүй амьдрахын тулд юу хийх ёстой вэ” гэхээр хүн бүр л өөр өөрийнхөөрөө хариулж элдэв янзын хариулт хэлдэг. Тэгвэл энэ ердөө танд төвөг болох зүйл биш аж. Та мацаг барихад л хангалттай.
Эрт дээр үед мацаг барихыг Энэтхэг, Төвд, манай Монголчууд ч хамгийн шилдэг арга хэмээдэг байжээ. Тогтмол мацаг барих нь дотоод биеийн цэвэрлэгээ, хоол хүнсний зогсолтгүй эргэлтийг зогсоож, хүний биед хуримтлагдсан олон хорт бодис, илүүдэл хаягдлыг биеэс цэвэрлэж бодисуудыг задралд хүргэж гаргадаг байна. Ингэснээр таны оюун санаа ч эрүүл байдаг аж. Мөн үүнээс гадна элдэв янзын өвчнөөс сэргийлж чаддаг байна.
Мацаг барих нь 22-55 насныханд илүү тохиромжтой аж. Тэр ч бүү хэл элэг, цөсний өөрчлөлттэй, зүрх судасны өвчтэй хүмүүст илүү үр дүнтэй байдаг.
Та хагас мацаг барихаар шийдсэн бол хоол идэлгүй зөвхөн шингэн зүйлийг л уугаарай. Энэ нь бүтэн 24 цаг үргэлжилж байж сая үр дүнд хүрнэ гэдгийг мартаж болохгүй.
Ганц хоёрхон удаагийн мацаг барилтаар өөрийгөө эрүүлжүүлсэн гэж ойлгож болохгүйг анхаараарай. Үүнийг тогтмол 7-10 хоногт нэг удаа хийж байж жинхэнэ үр дүнд хүрнэ гэдгийг санахад илүүдэхгүй. Харин мацаг барилт дууссаны дараа хүнд хэлбэрийн хоолноос татгалзаж бие организмаа хооллолтод аажмаар дасгаарай.
Уламжлалт анагаах ухаанд Мацаг барих нь эрүүл мэндэд маш их ач холбогдолтой бөгөөд хоол боловсруулах эрхтэн системийн эрүүлжих үйл ажиллагаа юм. Энэ нь хүний бие махбодын үйл ажиллагааг тэнцвэржүүлэн илүүдэл өөх тос, бадган салсыг арилган хайлуулах арга, эмчилгээ юм. Мөн хүний сэтгэхүйн үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлж ажлын бүтээмжийг ихэсгэдэг сайн талтай байна.
Мацаг барихыг шашны талаас энгийн ард иргэд хийхэд хамгийн тохиромжтой нь нэг өдрийн сожин авах үйл явдал юм. Энэ сожин авахдаа та бүхэн өөрсдийн бие хэл сэтгэлээрээ буян хураахаас гадна биеийн үйл ажиллагаагаа тэнцвэржүүлэх юм. Мацаг барихыг илүү үр дүнтэй болгохын тулд бие махбоддоо тохирсон эмчилгээний аргуудтай хослуулан хэрэглэвэл та бие хэл сэтгэлээрээ зөв эрүүлжиж, урт наслах, гоо сайхан байх, буяныг хураах үндэс болох юм.