Монголчууд эртнээс үр хүүхдийнхээ зан төлөвшил, хүмүүжилд ихээхэн ач холбогдол өгч “Хүнээр хүн хийх” ухааныг өвлүүлэн захиж хөдөлмөрт бага балчираас нь хөтлөн сургадаг байжээ.
Хүүхдийг багаас нь хатуу хүтүү арьс, ширмэл ширдэг дээр унтуулж биеийг нь чангаруулж, 2-3 наснаас нь эхэлж хурга, ишигний зүс нүдлүүлж, гар хөлийн үзүүрт хөдөлгөн, юм дөхүүлэх, ойртуулах зэрэг хүч чадалд нь тохирсон ажил хийлгэдэг байжээ. Хүүхэд хөдөлнө явна гэдэг бол хөдөлмөрлөх үндэс эхэлж байна гэж үздэг.
“Ажил хийвэл дуустал, Давс хийвэл уустал”
Хөдөлмөрийн хүмүүжил нь хүүхэд ахуй наснаас эхлэн төлөвшдөг. Эцэг эх хүүхэдтэйгээ харьцах нь эцэстээ хүмүүжил олгох үйл явц болдог. Монголчууд хүүхэд аливаа ажлыг буруу хийвэл зодож, загнахгүйгээр учрыг нь сайн ойлгуулж тайлбарлах, хөдөлмөрийн сайхныг мэдрүүлэхийн тулд хөдөлмөрийн ач тусыг бодитойгоор үзүүлж үлгэрлэн дууриалгаж суралцуулдаг билээ.
Айл гэрийн эзэгтэй хүн охин хүүхдээ бага балчраас нь эмэгтэй хүний ажил үйлсэд сургаж, сайн эмэгтэйн шинжийг багаас нь бүрдүүлдэг байсан ба харин айл гэрийн тэргүүн нь хүүдээ “эр хүн” ямар байх ёстойг сургаж, сайн эр хүний шинжийг багаас нь зааж сургаж ирсэн сайхан уламжлалтай.
Мөн хүүхдүүдээ өглөө эрт хөл нүцгэн шүүдэр дээр алхуулж, голын урсгал харуулж, гол горхины дуу чимээ сонсгодог байсан бөгөөд энэ нь хүүхдийн эрүүл мэндэд ихээхэн тустай байсан. Энэ мэтчилэн өвөг дээдэс маань үр хүүхдийнхээ бие махбодод анхаарлаа хандуулдаг байжээ.