tsetserlegt-hureelen

Цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилттой танилцаж, үүрэг өглөө

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан болон холбогдох албаныхан нийслэл хотод хийгдэж буй тохижилтын ажлын явцыг шалгалаа. Юун түрүүнд Блю Скай зочид буудлын зүүн талд хийгдэж буй цэцэрлэгт хүрээлэнд очлоо.

Нийтийн эзэмшлийн нийт 1250 метр.кв талбайд ногоон байгууламж бүхий тохижилтын ажил хийгдэж дууссан бөгөөд Улсын филармоний хөшөөг байрлуулснаар бүрэн дуусах юм байна. Улсын комисс өнгөрсөн даваа гарагт ажилласан гэдгийг нийслэлийн Хот, тохижилтын газрын дарга Г.Эрдэнэбаяр хэлэв.

“Зогсоолын бордюрыг хамгаалж хязгаарлалт тавих шаардлагатай, үүнд анхаарч ажиллах хэрэгтэй. Цаашид цэцэрлэгт хүрээлэнг цэвэр байлгах, арчлалт, хамгаалалтын ажлыг авч явах шаардлагатай” хэмээн нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч онцлон хэлсэн юм.

Богд хааны ордон музейн орчимд түүх, соёлын дурсгалт цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын явцыг Хотын дарга болон холбогдох албаныхан шалгав. Богд хааны ордон музейн дэргэдэх нийт 1.4 га, 8600 метр.кв ногоон байгууламж бүхий талбайг тохижуулах ажлын явц 95 хувьтай байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны тохижилтын ажил хариуцсан мэргэжилтэн Г.Билгүүн “120 мянгатын уулзвараас тус цэцэрлэгт хүрээлэн рүү борооны ус ихээр орж ирдэг байсныг Богдын музейн урд хэсгээс эхлэн ус зайлуулах шугамыг холбож, худаг руу гаргаж өгсөн. Уг худаг усыг Дунд гол руу зайлуулах байдлаар асуудлыг шийдвэрлээд байна. Одоогоор 200 метр ногоон байгууламж, мөн гэрэлтүүлгийн ажил үлдээд байна. Энэ сарын 20-ны дотор тохижилтын ажлыг хийж дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа” гэв. Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Богд хааны музейг үзээд гарч ирсэн хүүхэд, залуус, иргэд, жуулчид талбай дээрх түүхэн олдворуудыг үзэж сонирхох боломжтой болж байна. Энэ сайхан бүтээлүүдийг ирээдүй хойч үеийнхэндээ хүлээлгэж өгөх хэрэгтэй. Богд хааны 150 жилийн ойд зориулсан энэхүү цэцэрлэгт хүрээлэнг бий болгож байгаа та бүхэнд талархаж байна. Цаашид хийж бүтээсэн тохижилт, хөшөө дурсгалыг арчилж, хамгаалах, хяналт тавьж камержуулахад анхаарах хэрэгтэй” гэдгийг холбогдох албаныханд хэллээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих