Цагаан сарын өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга зарим хүнийг төрийн дээд шагнал, одон медалиар шагнасны дотор “Гавьяат малчин” цолыг Тод манлай уяач Э.Эрдэнэчулуун хүртсэн юм. Түүний “Засгийн газрын мэдээ”-д өгсөн сүүлийн үеийн ярилцлагаас домогт шарга азарганы тухай хөөрөлдсөн хэсгээс түүвэрлэн хүргэе.
-Шарга азарга хурдан хүлэг болно гэдгийг та анхнаас нь мэдэж байсан уу?
-Шарга азарганы аав нь морин тойруулгын гаралтай, ээж нь галшарынх. Би өөрөө ээжийг нь олж ирж байлаа. Аятайхан бие хаатай, цовоо сэргэлэн сайхан унага байсан. Даага болоход нь хүн бүр “Ямар сайхан адуу вэ” гэдэг байв. Ах шарга нь даагандаа айрагдаж байсан. Харин бага шаргыг дааганд нь уяж чадаагүй. Тэгээд шүдлэн насанд нь уралдуулахад улсад шууд түрүүлсэн дээ.
-Тэр жил түрүүлнэ гэдэгт нь хэр итгэлтэй байв?
-Налайхын голд сунгаа болоход хол зайтай өнгөлж ирээд л байсан. Би тэр үед залуухан, адууны уяа сойлгыг айхтар сайн тааруулж сураагүй байж. Үнэнийг хэлэхэд улсын наадамд ирээд түрүүлчихнэ гэсэн итгэл байгаагүй. Гэтэл наадамд ирж түрүүлээд л шарга азарганы түүх эхэлсэн дээ.
-Айрагдсан жилүүдэд нь та уяа сойлгыг нь тааруулж чадаагүй юу, эсвэл бие тэнхээ нь тааруухан байв уу?
-Амьд амьтан юм болохоор биеийн байдал янз бүр болно. Бас уяаны алдаа оноо гэж байна. Хязаалан насанд нь гүйцэд сайн уяж чадалгүй дутуудуулаад дөрөвт оруулсан юм.
-Шарга азарга ямар зан ааштай байв?
-Сайхан номхон дөлгөөхөн шүү. Дангаар нь унаад явахад хашиндуу. Харин морины ханьтай бол сайхан явна. Ер нь анзаараад байхад сайн хурдан адуу нөөцтэй байдаг юм уу гэж бодогддог. Ажил болон бусад юманд хурдан түргэн хөдөлдөг адуу амархан турж, тамир тэнхээгээ бардаг. Харин шарга азарга маань жаахан залхуу, лазандуу, үндсэн тамир тэнхээгээ тэр бүр гаргадаггүй онцлогтой. Тиймдээ ч уяаны гарын ая сайн даадаг. Би ер нь арваннэгдүгээр сарын сүүл хүртэл амраагаад бусад үед нь байнга эдэлж, нухдаг байлаа.
-Шарга азарга улсын наадамд дахин түрүүлэх нөөцтэй байсан гэж боддог. Арай эрт болиулчихлаа гэж бодогддог уу?
-Улсын наадамд хамгийн сүүлд түрүүлэхдээ 12 настай байсан шүү дээ. Энэ бол уралддаг адуунд бол өндөр. Багаасаа завсаргүй уралдсан хүлэг. Бас хөлний үенд нь жаахан сэв орчихсон байсан. Ер нь эрсдэлтэй шүү дээ. Хэрэв гай таарвал хөлгүй ч болж мэднэ. Ингээд бид нар ярьж байгаад бүр доголон болгоод яахав гээд дахиж уралдуулахгүй байхаар шийдсэн юм. Шарга азарга маань монгол түмнээ хангалттай л баярлууллаа. Зургаа түрүүлж, хоёр айрагдана гэдэг Монголд байхгүй амжилт шүү дээ.
-Зургаан түрүү дундаас хамгийн онцгой санагддаг нь аль вэ?
-2004 он миний сэтгэлд тод үлджээ. Тэр жил дөрөв уралдаж дөрөв түрүүлсэн юм. Хавар дорнодод уулын тахилгад анх уралдуулсан. Багцааг нь үзье гэж бодож байтал түрүүлээд ирсэн. Тэндээс хөлөөр нь туусаар байгаад төв аймагт ирсэн. Ингээд Налайхын голдоо сунгаж байгаад улсын наадамд уралдуулахад түрүүллээ. Дараа нь Өвөрхангайд болсон их хурд уралдаанд мөн түрүүлсэн. Би яагаад тэр жилийг онцлоод байна вэ гэвэл дараа нь их хурдад уралдана гэж тооцоод улсын наадамд арай дутуу уяатай орсон юм. Харин жинхэнэ торгон ир гэдэг нь их хурдын үеэр орсон доо. Хамгийн хурдан, онцгой жил нь тэр байж дээ. Их хурдад түрүүлсний дараа Алтан овооны тахилгад түрүүлж байлаа.
-Улсад дээгүүр уралдаж буй морьдын дундаж хурд 40-42 км/цаг байдаг гэж сонссон. Та шарга азарганы дундаж хурдыг хэмжиж байв уу?
-Өөрийнхөө тааваар давхихад 42-43 хүрдэг байсан. Жаахан хүчлэхэд 44-45, заримдаа тэрнээс илүү ч хурдалж байсан үе бий. Ер нь цуг уралдаж байгаа адуунаас шалтгаална л даа. Тархины адуунууд хурдан байвал илүү хурд гаргана. Өөрөө хурдаа тааруулаад уралдчихдаг адуу байсан юм. Арын морь жаахан зайтай бол айхтар хүчлэхгүй, биеэ нөөгөөд давхиад байна. Дөхөөд ирвэл холдоод алга болно. Хүн заагаад өгчихсөн юм шиг хурдаа тааруулж уралдана гэдэг адуунд тэр бүр заяадаг чадвар биш байх аа.
-Шарга азаргыг үндэсний бөхөөр бол б.бат-эрдэнэ аваргатай зүйрлүүлж болно. Б.Бат-Эрдэнэ аваргыг ид үед нь О.Балжинням аварга, Д.Мөнх-Эрдэнэ арслан хоёр л арай ойрхон өрсөлддөг байлаа. Харин шарга азарганд өрсөлдөгч байсан уу?
-Байлгүй яахав. Сүхбаатар аймгийн даатгал хээр гэж мундаг азарга байлаа. “Макс”-ын Д.Ганбаатарын хүрэн азарга гээд өгөө аваатай үзчихээр хэд хэдэн сайн азарга байсан. Гэхдээ шарга маань нөгөө хэдээсээ яах аргагүй илүү байж дээ.
-Шарга азарга маань одоо хаана байдаг вэ. Нас хэдтэй билээ?
-Одоо Сүхбаатар аймгийн нутагт байна. Энэ жил 22 хүрч байгаа юм байна. 22 нас гэдэг азарган адуундаа өндөрт орно. Гэхдээ угаасаа мундаг төрсөн юм болохоор 20 гарсан гэхээргүй тэнхээтэй шүү.
-Одоо шарга азаргыг хүн унадаггүй биз дээ?
-Их сайн уралдаж байсан хурдан хүлэгт хүн бүр хамаагүй хүрдэггүй эртний уламжлал бий. Уралдахаа больчихсон хурдан адууг хүн унах ёс ч байхгүй. Одоо шарга азарганы хувьд ёстой л салхинаас өөр юм нуруундаа хүргэхгүй ижил сүрэгтээ эрх дураараа явж байна.
-Шарга азарга шиг хурдан буян дахиж төрөх найдвар байна уу?
-Сайхан хурдан адуутай болох нь уяач болгоны мөрөөдөл. Гэхдээ шарга азарга шиг хурдан хүлэг дахиж төрнө гэдэг хэцүү. Онцгой юм гэдэг өөрөө байгалийн бүтээл юм. Ёстой л бүх юм нь таарч, бүрдэж байж хурдан адуу төрдөг байх. Хурдан адууны ачаалал даах чадвар гэдэг чухал нөлөөтэй. Зарим хурдан адуу нэг, хоёр уралдаад л дараагийнхаа уралдаанаар зүрх нь үхээд явж өгдөггүй. Харин хэзээ ч халирдаггүй зүрх, эрүүл саруул бие, эд эрхтэн нэг дор заяана гэдэг ховорхон тохиол байхгүй юу.
–Шарга азарганы үр төлөөс өндөр амжилт гаргасан ямар алдартай морьд байна вэ?
-Байна аа, байна. Би бусадтай адилхан хойноос хэдэн эрлийз гүү авчраад шарга азаргандаа хураалгасан. Хэдэн төлүүд нь бараг бүгд л улсын наадамд түрүүлж, айрагдлаа. Шарга азаргыг ид үед нь байнгын бэлтгэлтэй байлгах үүднээс цөөхөн гүү хураалгаж байсан болохоор харьцангуй цөөхөн төлтэй л дөө. Гэхдээ гарсан эр төл болгон нь уралдана гэнэ шүү.
-Энэ жил таны уяан дээр дээгүүр уралдчих найдлагатай морьд хэр байна вэ?
-Жилийн жилд л хэдэн морьдоо харуулдаж суудаг юм. Баараггүй дээгүүр уралдах адуу байсан ч болохгүй үе гэж байна. Энэ жилийн тухайд гавьяат малчин гээд сайхан цол авлаа. Их урам ордог юм байна. Хань ижил, гэр бүлийнхэн, ээж маань их урамшлаа. тиймээс энэ жил хичээж байгаад төрийнхөө наадамд адуу айрагдуулчих юмсан гээд л зүтгэж байна даа.
-Сайхан ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: “Засгийн газрын мэдээ” сонин