turiin tug

Өнөөдөр эзэн Чингисийн угсаат Монгол түмэн эргэн мандсан түүхэн өдөр

Өнөөдөр Монгол түмний үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан мартаж үл болох баярын өдөр тохиож байна 

Энэ өдөр бол шинэхэн үеийн түүхнээ Монгол Улс дахин сэргэж 200 гаруй жил үргэлжилсэн Манжийн дарлалаас чөлөөлөгдөн Богд Жавзандамба хутагт улсын хаанаар өргөмжлөн туурга тусгаар Монгол улсаа тунхагласан өдөр билээ.

Өнөөдрөөс 107 жилийн тэртээ Арвантавдугаар жарны Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 дугаар сарын 29-ний энэ өдөр Да хүрээнээ Монгол шашны тэргүүн Жавзандамба хутагтыг хаан ширээнд өргөмжилж, хатан Дондогдуламыг улсын эх дагина хэмээн залж,  Да Хүрээг Улсын Нийслэл Хүрээ гэж нэрлэн, оны цолыг Олноо өргөгдсөний хэмээж нэгээс эхлэн тоолохыг зарлигдаж байжээ.

Монгол Улс туурга тусгаар улсаа тунхаглаж, Лигдэн хаанаас хойш тасраад байсан эзэн Чингисийн угсаат Монгол Улсаа сэргээн мандуулсан түүхтэй. 

bogd-khaan

Монгол шашны тэргүүн Жавзандамба хутагт, хатан Дондогдулам

Олноо өргөгдсөн Монгол улс 5 яамдаас бүрэлдэж эхлэв.

Энэ өдрөөс эхлэн Монгол Улс манж Чин улсаас туурга тусгаар болсныг зарлан тунхагласан бичгийг Халх дөрөв, Дөрвөд Урианхайн хязгаар, өвөрлөгч хошуудад илгээн өндөр настнуудад бэлэг гардуулж, хоригдлуудад өршөөл үзүүлсэн гэдэг. Тийнхүү:

  • Гадаад хэргийг эрхлэн шийтгэх яам –Чин ван Ханддорж
  •  Цэргийн яам -Эрдэнэ далай ван Гомбосүрэн
  • Сангийн яам –Түшээ гүн Чагдаржав
  • Шүүх яам- Эрдэнэ ван Намсрай
  • Дотоод явдлын яам- Да лам Цэрэнчимэд нарын сайдтайгаар байгуулагдаж байжээ. Эдгээр сайд нарын эрх мэдлийн зөрчилдөөний улмаас тэдний дээр ерөнхий сайдаар Сайн Ноён хан Намнансүрэнг томилж байв

Нийслэл хүүрээнд их баяр болж хүн бүрий гоё ганган, өнгөтэй өөдтэйгөө өмсөн баясан цэнгэж богдын ордны зүг харан мөргөгн сүсэглэж байсан бол хөдөө нутаг, алс хязгаарынхан ч Нийслэл хүрээний зүг харан мөргөж залбирч байсан гэдэг.

Төрийн тамгатай болсон нь.

Богд хаант Монгол төрийн тамгыг 1911 оноос тогтсон Монгол Улсын засгийн газраас боловсруулан  “Залигаар тогтоосон Монгол Улсын хууль”-иар батлан тогтоосон юм.Төрийн тамганаа Монголын эртний төрийн бэлэгдлийг сэргээн хэрэглэж, үсгийг нь соёмбо, дөрвөлжин хоёр үсгээр бичсэн байна.

tamga-bogd

Тамганы төв дунд уйгаржин монгол бичгээр эзэн хааны алдрыг “Шашин, төрийг хослон баригч наран гэрэлт Богд хааны тамга”  гэж бичжээ.

Дөрвөлжин үсгээр бичсэн хоёр мөр нь Жавзандамба хутагт болбоос эртний Юань улсын Хубилай Сэцэн хааны адилаар төр, шашны хэргийг хослон барьж, лам, харын засгийг нэгтгэн явуулж буйг билэгдсэн утгатай,

Соёмбо үсгээр бичсэн найман мөр нь Монголын анхдугаар Богд гэгээнээс хойшхи найм дахь Богдын үед Монгол улс тусгаар болсныг билэгдсэн утгыг агуулдаг байжээ. Тамганы төв дунд уйгаржин монгол бичгээр эзэн хааны алдрыг “Шашин, төрийг хослон баригч наран гэрэлт Богд хааны тамга”  гэж бичжээ.

Монгол төрийн  анхын тамгыг “Хар гарт” Гомбо гэдэг дархан хүн хаш чулуугаар сийлж байжээ.

Харин Эх дагинын тамгыг Сэцэнхан аймгийн Дархан Барайшир ван урлажээ.  Ийнхүү хаш эрдэнийн тамгыг олонд тархаах аливаа зарлиг, хэлтрүүлэх зарлиг, ухуулах, сургах лүндэн, жуух, шар торгон бичиг дээр дардаг байлаа.

Түүнээс гадна, Монголын шашны тэргүүний нь хувьд Богд гэгээнд тусгай тамга хэрэглүүлжээ.Тамганы үгс нь “Шашныг мандуулагч, амьтныг жаргуулагч, аврал итгэл хамгийг айлдагч, оройн чандмань очирдарь Жавзандамба ламын алтан тамга” гэсэн бичигтэй байсан ажгуу.

Бусад олон яам, аймаг, хошуудын гуулин тамганд дан монгол үсэг хэрэглэж, уг газрын нэрийг бичихийн дээр голд нь соёмбо сүлд урлаж, бариулыг нь хүслийг хангагч чандмань эрдэнийн дүрстэй үйлдэн, уул яам, газар, ноёдын эрх ямбанд тохируулан элдэв хэмжээ ба жинтэй цутгадаг байжээ. Богд хаант улсын үеийн тамга нь дөрвөлжин нүүртэй байсан бөгөөд энэ нь 1930-аад онд дугуй \резинэн\ тамга гарах хүртэл хэрэглэгдэж байв.

Монголчууд тамгыг төрийн билэгдэл хэмээн машид хүндэлж, улаан халзтай тусгай өргөө бариулан, хойморт нь тусгай хайрцаганд хадгалдаг байв.

Богд хаант монгол улсын төрийн далбааг бүтээх тухай тэр үеийн албан баримтад тэмдэглэсэн нь: “Олон улсад өөр өөрийн туг далбаа буй, бидний монгол болбоос эзэрхэх эрх хэмжээ бүхий нь мөн тул тусгайлан далбаа байгуулж, тусгаар эрх бүхнийг илэрхийлбэл зохимой” хэмээжээ.

 Монгол төрийн анхны далбаа мандаж эхэлсэн нь.

dalbaa

далбааны төгсгөлийн гурван улаан хээний дээдэд “Ум”, дундад “Аа”, доодод “Хум” хэмээх үсэг байхаар тогтжээ.

Богд хаант Монгол улсын төрийн туг далбаа нь хэмжээний хувьд гурван ам буюу гурав нэгийн харъцаатай, дөрвөлжин хэлбэр бүхий шар өнгийн дэвсгэртэй, ишний эсрэг талд гурван улаан хэлтэй, хэлний бусад гурван талдаа улаан хөвөө эмжээртэй байх ба хөвөө нь хагас ам өргөнтэй байна.

Далбааны төв дундад хүрээтэй бадамлянхуа цэцэг бүхий суурьтай, соёмбо тэмдэг сүлд буюу “Э” “БАМ” үсгийг тусгай мөргөлийн ном бичсэн дэвсгэр дээр урлан байрлуулсан, далбааны төгсгөлийн гурван улаан хээний дээдэд “Ум”, дундад “Аа”, доодод “Хум” хэмээх үсэг байхаар тогтжээ.

Тугны дээрх үсэг бичиг нь тэр цагийнхаа утгаар манжийн үед туганд хэрэглэж байсан манж, хятад үсэг тэмдгийг халж, оронд нь монгол үсэг болон буддын шашны хүндэтгэлийн бичиг ланз, төвд үсгийг арвин хэрэглэсэн байна.

 

Энэ нь монгол орон манжийн эрхшээлээс ангижирч тусгаар улс болон төр шашнаа ариунаар мандуулна хэмээсэн тухайн үеийнхээ үзэл санаагтусган илэрхийлсэн хэрэг юм.

Энэхүү төрийн далбааг мандуулах өдрийг тогтоон, жил бүрийн цагаан сарын шинийн нэгнээс найман хүртэл хийсгэх, мөн майдар залах зэрэг төрийн их баяр ёслолын өдөр, сүм хийд, төрийн яамд, аймгийн чуулгад, цэргийн жанжны газар, засаг ба засаг бус ван гүн, хамба цорж, хутагт хувилгаад, тушаалтан лам түшмэлийн газар хийсгэхээр болсон байна.

Богд хаант Монгол улсын засгийн газраас төрийн далбааг албан газраас гадна айл бүр хийсгэж болохыг зөвшөөрсөн лүндэн буулгаж байжээ. Мөн Төрийн далбаанаас гадна цэргийн тугтай байхыг чухалчлан тогтоож байсан гэдэг.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих