Монгол түмний уламжлалт цагаан сарын өмнөхөн “тухайн жилийнхээ өнгийг үзнэ” хэмээх бичигдээгүй хуультайгаар Дүнжингарав гэх мэт хаврын томоохон морин уралдааныг идэр есийн жавар хариагүй цагаар зохион байгуулдаг. Хөл гар нь чангараагүй хүүхдийг хэл мэдэхгүй адгуусны нуруунд гаргачихаад хэдэн арван км-ээр цан хүүрэг татуулан хурдлуулдаг монголчуудын эл уламжлалыг мэдээгүй, үзээгүй гадна дотныхон хараад аймаар бас сүрдмээр… Тиймдээ ч хүүхдийн эрхийн тухай сануулж хэвлэлүүд ч унаач багачуулаа “уламжлалаас” хамгаалан өвлийн морин спортын талаар нухацтай ярилцацгаах болсон.
Тэгвэл энэ оны тавдугаар сарын 1-н хүртэлх хугацаанд зохион байгуулах хурдан морины уралдаанд 12нас хүрээгүй хүүхдээр морь унуулж, бага насны хүүхдийн эрхийг зөрчихгүй байхыг сануулсан албан бичгийг Засгийн газрын ХЭГ-ын дарга Г.Занданшатараас аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хүргүүлжээ.
Албан бичигт:
“Өвөл, хаврын улирлын хурдан морины уралдааны тухай” Засгийн газрын 2018 оны 19-р тогтоолоор, өвлийн улирал болон жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдрөөс 5-р сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд 12 хүртэлх насны хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон”-ыг сануулсан байна.
Албан бичгийг ХНХ-ын сайд С.Чинзориг, ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, “Монголын морин спорт, уяачдын холбоо” ТББ-ын ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Мөнхбаясгалан нарт хүргүүлж, хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгожээ.