Дэлхийн томоохон мэдээллийн сайтуудын нэг “Aljazeera” өвлийн морин уралдаан хүүхдийн амь насанд заналхийлж буй талаар мэдээлэл хүргэлээ. 35 хэмийн хүйтэн өвөл хүүхдийн амь насыг эрсдэлд оруулан өөрсдийн ашиг сонирхолыг гүйцэлдүүлж байгаа нь хүний эрхэнд халдаж буй үйлдэл юм.
2017 онд 10,435 хүүхэд морин уралдаанд оролцож, үүнээс 169 хүүхэд бэртэж, хоёр нь нас баржээ. Мөн өвлийн хүйтэн салхинд хүүхэд даарч зарим хэсэг нь хөлдөх тохиолдол их байдаг байна.
~Ашиг сайтай морин уралдааны бизнес~
Тавдугаар сарын нэгэн хүртэл өвлийн морин уралдааныг хориглох тогтоол гарсан. Гэсэн ч бооцоот уралдаан нууцаар зохион байгуулагдсаар байна. Учир нь уралдааныг хэдэн уяач, хурдан морьтой малчид нийлж байгаад зохиодоггүй. Улс төрийн томоохон албан тушаалтан, эрх мэдэлтнүүд, бизнесмэнүүд хоорондоо бооцоо тавин уралдуулдаг.
Хөдөө орон нутагт ядуурлын түвшин 35 хувьтай байгаа аж. Энэ нь гурван айл тутмын нэг нь ядруухан амьдарч байгаа гэсэн үг юм. Харин тэдний хүүхэд хурдан морь унаж чаддаг бол унаач болдог байна. Тийм хүүхдүүдийг хурдан морь унуулахаар хөлсөлдөг аж. Ихэнх айл хүүхдээ өвлийн цагт хурдан морь унуулах нь эрсдэлтэй гэдгийг хамгийн ихээр мэддэг ч өөр сонголт байдаггүй аж.