Уясан морины давхил орж байгаа эсэхийг сорих шалгуур нь сунгаа юм. Миний багад буюу хурдны морь унаж байх цагт уях морьдыг 6 сарын 20- дын орчим барьдаг, богинын, уртын гэсэн хоёрхон сунгаа хийдэг байлаа. 1960-аад оны сүүлчээс морьдыг 6 сарын 15 ны үерэр барьдаг, богино,дунд,урт гэсэн гурван сунгаатай болж байв.
Гэтэл одоо цагт морьдыг 6 сарын 10 өнгөрөөлгүй барьдаг, эрлийз, богино, дунд, уртын гэсэн ийм 4 сунгаатай болоод байна.
Эрлийз буюу хамгийн эхний сунгааныг 6 сарын 26-ны орчим 4 км орчим замд хийж байна. Тэгэхдээ уяаны галууд өөр хоорондоо нийлэхгүй, дан дангаараа, уяан дээрээ буюу гаднаа голдуу хийж байна. Энд цөөхөн морь мордож, зөөлөн сунгаа болж байгаа юм.
Богино сунгааг 6 сарын 29-нд 6-7 км замд хийдэг. Энэ сунгаанд уяачид морьдоо нэг их татангүй мөртлөө, мөн нэг их шахаж шавдуулахгүй зөн, тааваар нь уралдуулдаг. Учир нь уяа бүрэн сайн эвлээгүй байж магадгүй тул шахаж шамдуулбал буруудаж магадгүй, мөн хэт болгоомжилбол цаана нь уяа эвлэх цэгцрэх хоног хугацаагүй учраас урьдын адил зөөлөн хандаад амыг нь татуулаад байдаггүй.
Дунд сунгааг 7 сарын 7-нд 12-14 км замд хийж байна. Энэ бол уяаны оргил ачааллын үе юм. Энэ үед морьдын чинь уяа бүрэн эвэлсэн хаанахын хэний ч морьтой уралдахад бэрхшээхээргүй болсон байх ёстой. Дунд сунгаанд морьдыг шавхан уралдаж үз. Тэр жилийн чинь уяаны өнгө төрх харагдана. Харин дараа нь морьдоо маш нарийн ажиглаарай, өчүүхэн төдий хувирлыг ч анзаарахгүй байж болохгүй шүү.
Их сунгааг 7 сарын 8-нд хийх бөгөөд энэ үед наадмын замд нэгэнт хөдөлсөн, олон газрын уяачид, морьдтой нэг дор цугларан буусан байдаг. Сүүлийн үед томоохон уяачид их сунгаанаар морьдоо нилээд гамнах хандлагатай болоод байна. Жишээ нь: их сунгааны замыг 10 км-ээс хэтрүүлэхээ больжээ.
Нэгэнт давхил нь гарсан, амьсгаа нь сайн задарсан бол наадмын их давхил ойртсон үед олон морьдтой, хол газар ач тач уралдуулах хэрэггүй гэж үздэг бололтой. Хэрэв таны морины уяа арай дутуу санагдаад байгаа бол харин их сунгаанд сайн шавхаж уралдах хэрэгтэй дээ.