mori

Морь маллахад ухаан хэрэгтэй

Адуу халуун өдөр ялаархах, хурах, зогсох, гүйх, салхидах, намагт удаан зогсох зэрэг үйлдэл хийнэ. Адууг бэлчээх, цуглуулах, услах үед маш тогтуун байлгах нь ашигтай. Адуу хайлах үедээ их хөлөрч, үс нь босон бүрзгэртэж цөөн хоногт гэдэс татах, мах нь шуугдах, ташаа нь гозойж, хавирга нь хэрзийдэг.

Унаганд ус залгиулах, зоо нурууг нь усаар шавших зэрэг нь харангатахаас сэргийлэх, хамрын самсаа хонхойхгүй, нустаж битүүрэхгүй, нүд нуухтахгүй зэрэг ач холбогдолтой. Цас ихтэй үед адуу цасыг хөлөөрөө цавчиж, өвс олж идсэнээс амархан тамирдаж турдаг. Даага унаж газрын уруу давхихыг хориглодог бөгөөд даага цээжгүй болно гэж хэлэлцдэг. Хол газрын уналганд хурдтай явсан морины хөлд цус хуруулахгүйн тулд уяа шонгоо нар зөв гурав алгуур тойрч бууна. Хүчтэй салхи, хурц наранд “нар цохино” гэж эмээл тохмыг авдаггүй. Өвлийн хүйтэнд алсын аянд унаж ирсэн морины тохмыг авалгүйгээр агтавчаар даруулан хонуулдаг.

Адууг хониных, уургынх, алс холын аяных, баяр наадмынх гэж ангилан эдэлгээнд зориулан хэрэглэдэг. Морь унахдаа зөөлөн мордож, ташуурдахдаа зузаан гуянд нь ташуурдана. Унасан мориноосоо буумагц олмоо султгадаг. Морийг хөлстэй үед нь усалдаггүй, эмээл тохмыг авдаггүй. Хатааж байж авдаг. Унаж эдэлж явсан морь тэмээгээ эцээх, гэмтэж бэртсэн үед нь эзэнгүй хээр орхихыг их цээрлэдэг. Худаг ус сахиж эзэнгүй зогсож байгаа малыг услахгүй өнгөрдөггүй. Худаг дээрээс явахдаа онгоцоо дүүргэж орхидог заншилтай.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих