Үлгэр домогт олонтоо өгүүлэгддэг, зарим үндэстний хувьд үхэл хагацал, муу ёрын совин тэмдэг гэж үзэгддэг Хэрээ нь үнэндээ оюун ухаанаараа хүнтэй адилтгагддаг амьтад болох бич, далайн гахайн (дельфин) хэмжээнд сэтгэх чадвартай онцгой нэгэн шувуу юм.
Гаршуулж, сургасан Хэрээ зарим тотиноос ч илүүгээр хүний үг яриаг даган дууриах, мөн машины мотор, нойлын ус татах чимээ, бусад шувуудын жиргээг давтах гайхам авъяастай. Аливаа амьтдаас ховор ажиглагддаг тоглож зугаацах чадвар Хэрээнд байдаг нь цөөнгүй тохиолдлоор баталгаажжээ.
Судлаачдын анзаарснаар Хэрээ нь дуу авианаас гадна биеийн хөдөлгөөнөөр өөрийгөө илэрхийлдэг аж. Нэгэндээ харуулах гэсэн зүйл рүүгээ хошуугаа чиглүүлэн заах, мөн анхаарлыг нь татахын тулд амандаа янз бүрийн юм зуух гэх мэт. Багаар ажиллахдаа тун сайн бөгөөд хуваарьт олзноосоо илүүг хүртэх гэсэн зальт “этгээдийг” таньж дахин хамтрах сонирхолгүй болдог нь тэмдэглэгдсэн байна.
Дасан зохицохдоо гаргууд, идэш тэжээлийн хувьд юуг ч голохгүй “хусдаг” зэрэг нь энэ шувууг байгалийн болон суурин ямар ч нөхцөлд амьдрах чадвартай болгож, зарим газар тоо толгойн хувьд хэтийдэх хэмжээнд хүргэжээ.