Үрт хүн, тэр тусмаа эх хүн гэдэг цагаан сүүгээрээ хүн болгож, цайлган сэтгэл, үнэт сургаалаараа үр хүүхдээ хүмүүжүүлдэг болохоор эх хүнийг хайрлан хүндэтгэдэг олон зууны сайхан уламжлал манайд бий. Заримаас нь өгүүлье.
-Цайны дээжээ өргөх, идээ будаа засах, цай барих, бэлэг сэлт өгөхдөө эх хүн заавал малгай өмссөн байх учиртай.
-Эх хүн алив амьтны үр төлийг жигших, амь хохироож болохгүй.
-Эх хүнийг мал төхөөрөх, элдэв хатуу үйлд оролцуулдаггүй. Үр ачис, садан төрөлд нь гай зэтгэр болно хэмээнэ.
-Жирэмсэн эхэд тэмээний мах идүүлдэггүй нь хүүхэд тээх хугацаа уртасна гэдэгтэй холбоотой. Мөн тэднийг гомдоох, айлгах, урдуур нь хөндлөн гарахыг цээрлэдэг.
-Саявтар төрсөн эмэгтэйд халуун сүү, давс, хужир хэрэглүүлдэггүй нь унадаг өвчин олно, үе мөч, шөрмөсний өвчин тусна гэнэ.
-Эмэгтэй хүн үс гэзгээ сул задгай тавих, цагаан эдээр үсээ боох, үснийхээ сэвийг хаа хамаагүй хаяхыг хориглодог. Уй гашуу, муу ёрын шинжтэй гэж үзнэ.
-Эх хүн хүүхдээ суган доогуураа гаргах, хэвтэж хөхүүлэх, сүүгээ хамаагүй асгахыг цээрлэнэ.
-Хадам эх бэрдээ хоосон шанага тушаадаггүй, заавал дотор нь сүүтэй, бас ишнээс нь хадаг уяж өгдөг ёс бий.
-Төрсөн гэртээ төрөхийг ёсгүй явдал гэлцдэг нь учиртай.
-Эх хүнийг гомдоож болохгүй. Өөрийн үр хүүхдэд хар хэл ам тусаж, ёр удна гэдэг.
-Бэлэвсэн эх найр хурим, бэрийн үйл ажил, алив хүндлэл бүхий үйлд тэргүүлэн оролцдоггүй.
-Овоо, уулын оргил дээр гарахыг хориглоно. Уул овоонд чуулсан соронзон орон зэрэг элдэв нөлөөнөөс хамгаалж буй хэрэг. Гай дайрлагад өртөх вий гэсэн болгоомжлол юм. Тэрнээс биш доорд үзэж, гадуурхан ялгаварлаж буй явдал биш юм. Өнөө үед үүнийг дээр дооргүй зөрчдөг болсон нь хачирхалтайгаас гадна ёс зүйгээ умартсан бусчир явдал болой.
Эхчүүдийг хүмүүс хүндлэхээс гадна тэд ч өөрсдөө журам ёсыг баримталж, үр хүүхдээ, ялангуяа охидоо монгол ёсны зан үйлд хичээнгүйлэн сургавал зохилтой.
Дээрх ёсыг хэн бүхэн чандлан сахиж явбаас бидний амьдрал өнгөтэй өөдрөг, өлзийтэй байх учигтай ажээ.