Та бүхэнд “Хүртээмжтэй ирээдүй” уриан дор тэмдэглэж буй Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе.
Манай улсын нийт хүн амын 3,3 хувийг эзэлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал нь хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогын төвд байдаг бүхий л салбарын бодлого, үйл ажиллагаатай салшгүй холбоотой бөгөөд Монгол Улсын төр, үе үеийн Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийг хангахын төлөө анхаарал хандуулж ирсэн билээ.
Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг хангах чиглэлд тодорхой зорилтуудыг тусган тэдний эрх, оролцоо, хөгжил, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн тэгш байдлыг хангахад онцгой анхаарч олон талт арга хэмжээг авч байна.
Тухайлбал, УИХ-аас 2016 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг баталснаар хүнийг хөгжлийн бэрхшээлээс нь шалтгаалан аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхалд өртөхөөс хамгаалах, хориглох, нийгмийн харилцаанд бусдын адил тэгш эрхтэй оролцох боломжийг хангах хууль эрх зүйн зохицуулалтыг сайжруулах чиглэлд тодорхой ахиц гаргалаа.
Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, нийгмийн халамжийг сайжруулахад анхаарсны үр дүнд өнгөрсөн онд Нийгмийн халамжийн сангаас олгодог тэтгэврийг, энэ оны зургадугаар сард байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг эцэг эхчүүдэд олгодог тэтгэмжийг нэмэгдүүлж, амьжиргааны доод түвшинд хүргээд байна.
Энэ оны эхний хагас жилд давхардсан тоогоор нийт хөгжлийн бэрхшээлтэй 219,1 мянган хүнийг нийгмийн хамгааллын арга хэмжээнд хамруулсан нь нэг хүн дор хаяж хоёр төрлийн арга хэмжээнд хамрагдаж байна гэсэн үг юм.
Дээрх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөрийг 2017 онд Засгийн газрын тогтоолоор батлан хэрэгжүүлж байна.
~Өдөр бүрийг “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдөр” шиг байлгая~
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, хамтран ажиллах чиглэлд ахиц гарсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд ажлын байр бий болгосон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжид санхүүгийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээг тогтмолжуулж, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх төслийг хэрэгжүүллээ.
Хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх, оношлох, сэргээн засах, хоёрдогч хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, хамт олонд түшиглэн хөгжүүлэх, нийгмийн харилцаанд бүрэн дүүрэн үр дүнтэй оролцоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийг ашиглалтад оруулаад байна.
Ирэх жилээс зургаан аймагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв, нийслэлд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай тоноглол бүхий спорт цогцолборын барилга зэрэг бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ.
Түүнчлэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Нийгмийн халамжийн тухай, Нийгмийн даатгалын тухай зэрэг хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барьж эрх зүйн орчныг шинэчлэх ажлыг хийхээр бэлтгэж байна.
Цаашид Монгол Улсын Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бусдын адил ажил хөдөлмөр эрхлэх, ачаалал даах, хариуцлага хүлээх бүрэн чадвартай төдийгүй хувийн бизнес эрхлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ядуурлаас хамгаалах, нийгмийн хамгааллыг сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг боловсронгуй болгох, боловсролыг тэгш хүртээмжтэй хүртэх, амьдралын чанарыг дээшлүүлэх үе шаттай нэмэгдүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох бодлого, үйл ажиллагааг тэдний эрх, ашиг сонирхол, олон улсын нийтлэг чиг хандлагад нийцүүлэн хэрэгжүүлэх та бүхэнтэй идэвхтэй хамтран ажиллах болно.
Жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-нд тэмдэглэдэг Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдрийг бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө хийсэн ажлаа дүгнэж цэгнэх, цаашид юу хийхээ ярилцаж төлөвлөх, иргэд маань эрхийнхээ төлөө дуу хоолойгоо хүргэх өдөр хэмээн онцгойлон үздэг билээ.
Гэхдээ зөвхөн энэ өдөр биш өдөр бүрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдөр шиг байлгахын төлөө та бүхнийг бидэнтэй хамтран ажиллахыг уриалж байна.
Хүртээмжтэй ирээдүйн төлөө хамтдаа зүтгэцгээе.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ