minii nutgiin hawar

Миний сумын хавар

Миний сум бол говийн араншинд хөтлөгдсөн элсэн шуурга, тэмээн туйлаадастай энгийн л нэг хавартай. Урь унаж, цас ханзраад алаг тарлан болоход цагаан өвс ботиул тойрон хураагдаж, хаврын их үүц ил гарна.

Харгана бутны ёзоор, хамхуул өвсөөр бүслэгдээд хааяадаа орсон цас туулайлан нэг л алаг тарлан болчихно… Тэгснээ хэсэг шуурна.

minii nutag

Тэнгэр, газар тэмтрэхийн аргагүй битүүрч угалз болох нь ч бий. Тэнгэрийн муухай арилдгийн үлгэрээр маргааш өглөө нь өдөржин, шөнөжин элсээр зүлгүүлсэн тэнгэр цэв цэнхэртэн дүнэрээд ажин түжин болж, хунгарласан элсэн дээр шувууны мөр бичиглээд тэр аяараа их цэвэрлэгээ хийсэн юм шиг цэмцийчихнэ.

nutgiin els

Хаврын хаварт мал ногоолуулах их отор эхэлнэ. Ялангуяа манай Цоохор нуурынхан. Хөтөл, гашуун, буудал гээд олон цагаан гэр бөмбийн цайравч хонин гүрвэлээс өөр эзэнгүй болчихно. Үүд хаалгаа цоожилно гэж үгүй. Олс дээсээр уячихна. Миний л мэдэх Хөтөл гашууныхан жижиг отрын гэрээ ачаалаад Хүйсийн алдарт говийг туулан Хонгор толгой өнгөрөөд Ховдын Дарвийн Баянцагаан, Хөх үзүүр, Тунгалаг, Алаг дором гээд нүүцгээнэ дээ…

Tsoohor nuuriin huwuu

Хөөгдөн туугдан энд хоёр сар шахам болж наадмын өмнөхөн нутгийн зүг хүн, малын хошуу эргүүлнэ. Сургуулийн зуны амралт болоод алсын отор хүний нутагт яваа гэртээ очих унаа хомс их л ажил болдог сон. Наадмын өмнөхөн нутагт хур хөллөж, нялх ногооны анхилам үнэрээрээ угтах мөн ч сайхан сан.

hutul gashuuni tal

Гашуунд хавраар орхисон том гэртээ ирвэл манайд хонин гүрвэл, зараа, туулай гээд олон амьтад амьдарч байна даа. Эзэн нь ирэхийн үес тэд ч дайжиж байгалийн гэр рүүгээ одоцгооно. Том гэрийнхээ элс, хогийг цэмцийлгээд орохоор мөн ч сайхан шүү…

nutgiin els

Хэдэн сар жижиг гэрт багтаж цөхөн явсан болохоор хөл, гар тэнийлгээд сонин, сэтгүүл эргүүлээд нэг их соёлжино доо.

Миний нутгийн хавар харлаг сайран дээр адууны мөрөнд ногтруу өндөглөнө. Өнгөрсөн жилийн хамхуулийн үр түүж идэн бондойтол таргалсан ногтрууны баасыг хавар хонь мал түүж иднэ. Ногтруу үнэндээ малд багсармал тэжээл үйлдвэрлэж өгдөг ачтай шувуу…

Хар элэгтэй хул шувуу сүрэглээд байвал өн болно гэж нутгийхан ярьдаг сан. Хаврын хаварт миний сумынхан малчид нь нүүдлийн замыг сонгоно. Элснийхэн бол бөөрөг толгодоо дамжсаар урт хаврыг үднэ.sairan tolgoiСургуулийн хүүхдүүд элснийхээ хормойд очин хичээл давтах нэрээр зугаална. Би наймдугаар анги төгсөхдөө сумын хойд элсний хаяанд хүрээд хэдүүлээ жаахан барилдсанаа билетийн дугаараа элсэнд булж сугалаад л тэр дугаарыг унших маягтай байдаг сан…

Хавар гэж их уярал хайр, сэтгэл догдлолын улирал юм даа… Олон залуус ийм л нэг говь нутгийнхаа хавраар сэтгэлийн моринд дөрөөлж, хайр дурлалаа цэцэглүүлж, хань ижлээ олж байсан биз ээ…

minii nutgiin hawar

Элсээр шуурна. Тэнгэр бүүдийнэ. Тэрлэг хүндэднэ… Жаргалант хайрханы оройд үүл сууна.

Нийтлэлийг: Л.Мөнхтөр

Эх сурвалж: mnb.mn

 

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих