Нүүдэлчин монголчуудын хөлөг морио уяж уралдуулах, сайн морийг шинжиж таних нь бие даасан урлаг, соёл иргэншлийн өвөрмөц мэдлэг ухаан гэж болно. Морины шинжийн талаар бичигдсэн судруудаас үзэхэд сайн морь бусдаасаа сэргэлэн цовоо, соргог зан аальтай , бэлчиж байгаа адууны хажууд очин исгэрэх, шивгэнэхэд сайн морь урьтаж шар харна. Хөөж яваа олон адууны өөдөөс буюу хажуунаас хүүе хаая гэж дуу өгөх, морины давхиагаар ширүүн ойртоход сайн морь тэр зүг рүү сэрвэсхийн ажигладаг аж
Адуу биеийн алжаалаа хөрвөөж тайлдаг. Хөлөрч ирсэний дараа зөөлөн шороо, шар бууцанд сайн морь бүх биеэрээ гүйцэд алдлан 1 – 2 эргэж хөрвөөдөг нь таних бас нэгэн шинж юм. Зогссон адуун сүрэг хөдөлж бэлчээрлэхэд сайн морь түрүүлж явах буюу сүүлдсэн ч заавал бусдыгаа гүйцэж түрүүлэх эсвэл захлах нь олонтаа. Энэ нь сайн морь бусдаасаа давуу гэдгээ сүрэг дундаа илэрхийлж байгаа хэрэг юм.
Сайн морь ижилсэг, нутаг усаа санамгайн улмаас нутаг ус ижил сүрэгтээн гүйх явдал их байдаг. Эзнээ дурсан нутаг усаа санан ижил сүрэгтээ гүйдэг тухай ахмадуудад хуучлахдаа “сайн морь эзнийхээ эмээлийг санадаг” тэр ч бүү хэл нутаг тийшээгээн толгойгоо харуулж үхдэг гэлцдэг. Манай малчид сайн морь, сайхан морь , хурдан морь зэргийг ялган бүхэл бүтэн соёлыг бүтээснийг Төв азийн болон нүүдэлчдийн түүхэнд оруулсан хувь нэмэр гэж эрдэмтэд үнэлсээр байгаа билээ.