~Батлан хамгаалахын их сургуулийн 88 дахь удаагийн төгсөлт боллоо~
Монгол Улсын Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 88 дахь удаагийн төгсөлтийн ёслол Сүхбаатарын талбайд боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн байлдааны туганд хүндэтгэл үзүүлэв. Түүнчлэн, сургуулийн удирдлагууд Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн захирлын “Цэргийн мэргэжил эзэмшүүлэх тухай”, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын “Цэргийн цол олгох тухай” тушаалуудыг уншиж сонсгосон юм.
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хувьд хичээлийн жилд чанарын менежметийн тогтолцоо буюу ISO 9001-2015 олон улсын стандартыг хэрэгжүүлэн гэрчилгээгээ хүлээж авлаа.
Мөн бүс нутгийн ижил төстэй сургуулиудтай хамтран ажиллаж, гадаадын их дээд сургуулийн зочин профессорыг урьж ажиллуулж байна. 2016-2017 онд гадаадын гурван сонсогч офицер төгсгөж байсан бол энэ жил БНСУ-аас нэг офицер төгсч байгаа юм.
Ингэснээр Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн сургалт олон улсад зөвшөөрөгдөх төлөвшил бий болж байгаагийн илрэл гэдгийг тус сургуулийн захирал, хурандаа П.Жаргалан онцолсон юм.