СУРГАМЖИТ ӨГҮҮЛЛЭГ: “Ухаарал”

Баяраа томоохон компанийн менежерийн ажилд орохоор ярилцлаганд оржээ.

Компаний захирал Баяраагийн танилцуулга бичиг баримтуудыг судалж үзсэнээ

 

-Сурч байх явцдаа ямар нэгэн тэтгэлэгт хамрагдаж байсан уу?

-Үгүй.

-Аав чинь төлбөр төлдөг байсан уу?

-Аав минь намайг нэг настай байхад өөд болсон. Ээж л төлдөг байсан.

-Ээж чинь юу эрхэлдэг хүн бэ?

-Гэрээрээ хүмүүсийн хувцас угааж мөнгө олдог.

 

Захирал Баяраагийн булбарай зөөлөн цэвэрхэн гарыг хараад:

-Та ээждээ хааяа тусалдаг уу?

-Үгүй ээ. Ээж минь намайг сайн сур, хичээлдээ анхаар л гэдэг юм.

-За тэгвэл өнөөдөр хариад ээжийнхээ гарыг угааж өгөөд, маргааш ирээрэй… гэлээ.

Баяраа ч ажилд орох магадлал өндөр байна даа хэмээн баярлаж, орой ээжийгээ гарыг тань угааж өгье гэхэд гайхсан ээж нь санаа зовонгуй гараа өглөө.

Ээжийнхээ гарыг угааж зогсохдоо залуу анх удаа л ээжийнхээ гарыг ямар их үрчлээтэй, шарх сорвиор дүүрэн болохыг анзааран нулимс унагалаа. Энэ л хоёр гар миний төлөө зүтгэж, энэ л хоёр гараар миний ирээдүй төлөгдсөндөө гэж бодохоос өр эмтрэн, тэр өдөр үлдсэн бүх хувцсыг нь ээждээ угааж туслаад, шөнөжин нойр нь хулжсаар өглөө нь залуу захирал дээрээ очлоо.

 

Залуугийн уйлж хавдсан нүдийг анзаарсан захирал:

-Өчигдөр орой хариад юу сурав?

-Ээж минь байгаагүй бол “би” өнөөдөр энд ингээд зогсож байхгүй байснаа ойлголоо.

Өчигдөр ээждээ тусалж байхдаа “Хүн зорилгодоо хүрэхийн тулд яаж хөдөлмөрлөх ёстойг, гэр бүлдээ бага ч болов туслах ёстой”-г ухаарлаа.

-Сайн байна. Хүний хийснийг үнэлэх чадвартай, зөвхөн мөнгийг амьдралын зорилго болгоогүй ийм л ажилтан хайж байсан юм гээд Баярааг ажилд авлаа.

Залуу хөдөлмөрч, найрсаг, тусч байж, хамт олныхоо дунд нэр хүндтэй нэгэн болж, компаний ажил ч цэцэглэж эхэллээ.

 

Зөвхөн өөрийгөө юмны түрүүнд тавьж, хүссэн болгоноо авдаг, эцэг эхийнхээ түүний төлөө яаж зүтгэж байгааг эс ойлгон, тэгж байх ёстой мэт санадаг залуучууд болон удирдлага дороо ажиллагсадтай дээрэнгүй харьцдаг залуучууд энэ нийгэмд бага байгаасай.

 

Ажлаасаа ирээд хоолоо идээд, ТВ үзэн тухлан суухаасаа өмнө гэр бүлийнхэндээ өдөр тутмых нь ажилд юугаар ч хамаагүй жаахан ч гэсэн тусалж, хамт суун ярилцаж, үр хүүхдүүддээ хүний хөдөлмөрийг үнэлж, урамшуулж, тусалж байхыг үлгэрлэн сургаж байгаарай.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих