Утсаа хүүхэддээ өгөхгүй байх нь хайрлаж байгаагийн илрэл

Сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүд харааны шил зүүх явдал эрс ихэссэн. Хичээл ном хэт их хийсэндээ биш, ердөө л нэг, хоёртой байхаасаа эхлээд ухаалаг утас ширтсэнтэй нь холбоотой. Хүүхдийн нүдний хараа хурц, ид цэцэглэж яваа бие байтал түүнийг нь хурц гэрэл дарангуйлж, насан туршдаа нүдний эмгэгтэй болох эрсдлийг нэмэгдүүлсээр байна. Харааны шил зүүх насны тоо улам залуужиж, бүр дөрөв, тавхан настай жаахан хүүхдүүд өндөр нягтралтай шил зүүх болжээ. Хараа эрс муудах, утсанд хэт донтож, түүнийг нь эцэг, эхчүүд хязгаарлахгүй, саатаг хэмээн дураар нь орхисоор бүр нүдний эвэрлэг бүрхэвч нь гэмтэж, хараагүй болох ч эрсдэлтэйг мэргэжлийн эмч нар зөвлөж байна. Учир нь, насанд хүрсэн хүнийхээс илүү хүүхдийн нүд эмзэг, мэдрэмтгий байдаг ажээ. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдээ хайрлаж л байвал хэчнээн орилж хашгирч байсан ч утсаа бүү өгөөрэй. Өглөө гэхэд олон цагаар биш, тодорхой цагт богино хугацаанд үзүүлээд эргүүлэн авах хэвшлийг хүүхэддээ суулгаарай.

 

 

ЦЭНХЭР ТУЯАНААС ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛЪЯ

 

Нэг. Орон дотроо, тэр дундаа харанхуйд гар утсаа бүү үз. Бид өдөр гар утсаа тодорхой хэмжээний хол зайнаас үздэг хэдий ч орондоо орохдоо бараг л нүднийхээ өмнө утсаа барьчихдаг. Харанхуйд цэнхэр гэрэл нүдэнд хамгийн муу, дээрээс нь тэр хурц гэрлийг нүднийхээ бараг л өмнө аваад ирэхээр нүдээ гэмтээх эрсдэл маш өндөр болж байгаа хэрэг.

 

Хоёр. Хамгаалах апп суулга. Цэнхэр туяанаас нүдийг тань хамгаалах ухаалаг утасны апп-ууд гарчихсан учраас түүнийг татаж, нүдээ хамгаалах боломж бий.

 

Гурав. Дэлгэцнийхээ гэрлийг багасга. Харанхуйд утсаа үзэх зайлшгүй шаардлагатай бол дэлгэцнийхээ гэрлийг маш бага дээр нь тавьж болох арга бий. Хурц гэрлийг багасгасан учраас нүдэнд ирэх ачааллыг тодорхой хэмжээнд багасгаж чадна.

 

Дөрөв. Үргэлж утастай бүү нөхөрлө. Хэдийгээр дэлхий тэр чигээрээ утсанд багтсан ч бодит амьдрал утсан доторх визуал орчноос хамаагүй илүү юм шүү. Үргэлж утас гэсээр нэг л мэдэхэд утаснаас хамааралтай болж, эргэн тойронд чинь ямар гайхалтай зүйлс болж өнгөрч буйг ихэнхдээ анхааралгүй өнгөрөөх нь бий. Тиймээс утсаа хойш нь тавьж, амьдралын сайхныг биеэр мэдэр.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих