chonon saaral

Домогт МЯНГАДЫН ЧОНОН СААРАЛ

Баруун Монголд төдийгүй улс орон даяар “Мянгадын Чонон саарал” гэж алдаршиж ирсэн хүлэг бий.

Тодруулбал Мянгад сумын Мөрөн багийн уяач Готовын бидэртэй эрмэг борогч гүүний унага, Готовын ах Шаравсамбуугийн халиун халзаны төл, 1948 онд Мянгад сумын Мөрөн, Гахайт багийн зааг нутаг Товдоны буланд гарсан унага гэдэг.

myngadiin saaral

Ховд, Увс аймгийн наадамд бүрэн бус мэдээгээр 16 түрүүлж, дөрвөн удаа аман хүзүүлж, нэг удаа айрагдсан хурдан буянт 1950 оны дунд үед уралдааны морины даамлуудын тооцсоноор 28.8 км замыг 27 минут буюу 17.8 м/сек хурдлан түрүүлж байжээ.

Саарал морины эх борогч гүү нь Сааяа гүний удмын адуу байсан аж. Ер нь багаасаа их хурдан ажнай болох нь мэдэгдэж байсан гэж нутгийн хөгшчүүл хуучилдаг.

Чонон саарал нь биеэр их том, галбир сайтай, уралдахаар гарч байгаа морьдын дотроос биеийн өндрөөрөө гоц ялгаран харагддаг, том толгойтой, өргөн магнайтай, соотон чихтэй, нүд томтой, майхан шиг алцгар салтаатай, галуун сагагтай, дэл, сүүл шингэн, хазах өшиглөхийг мэддэггүй, дөлгөөн араншинтай морь байжээ.

Чонон саарал ямар нэг наадамд очоод уралдахдаа эхлээд гарч саахалт хэрийн газарт тасарч, тасарсан хойноо биеэ нөөн хоёр чихээ солбин чимээ чагнан давхидаг, араас ирэх морины чимээгээр хурдаа нэмэн холддог. Анхны гарсан гараагаараа ирдэг, үе нугаламгүй хурдан ажнай байжээ.

Чонон сааралын молор эрдэнэ толгой одоо аймгийн алдарт уяач, сумын заан Жамцын Чулуунбатад хадгалагдаж байна.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих