Буруу сургалт
Хадуурахад нөлөөлдөг хамгийн анхны хүчин зүйл бол сургалтын алдаа. Өөрөөр хэлбэл анх сургахдаа энэхүү муу зангийн суурийг тавьсан гэсэн үг. Энэ тухайд Тод манлай уяач Д.Одгэрэл “Даага, шүдлэнг голдуу бага насны хүүхэд унаж сургадаг. Хүүхэд л болсон хойно амар хялбарыг нь бодоод гэрийнхээ ойрхон эргэлдээд байдаг. Анх сургахдаа гэрийнхээ хаяагаар эргэлдээд сурчихсан адуу тэр хавиасаа жаахан холдох гэхээр буцаж ханараад байдаг. Энэ нь даамжирсаар яваандаа гэр лүүгээ хадуурдаг зантай болчихдог. Зүй нь бол бага адууг сургахдаа морины хажуугаар гарч сургах хэрэгтэй. Яаж гэхээр сургаж яваа үрээгээ хөтөлж яваад хэсэг хугацааны дараа өөрийнхөө морины амыг татаж, албаар түрүүлгэх. Түрүүлээд сурахаар нь хүүхдээр нь ороолгуулж байгаад цогиулж гаргаж сургах хэрэгтэй. Морины аль ч талаараа нь дайраад гардаг болгох хэрэгтэй.
Нэгэнт буруу сургачихсан бол арай дадлагатай томхон хүүхдээр унуулаад засч болдог. Би хүүхэд байхдаа хоргодоо, ханардаг зантай олон адууг зүгшрүүлж байсан. Амаргүй л дээ. Жишээлбэл гудамжинд явж байснаа гэнэтхэн хашаа руу ханарч өрөөсөн талаараа хашаатай наалдаад давхичихна. Тэр үед нь гялс дөрөөгөө мулталж, эмээл дээрээ тал мордоод явах жишээтэй. Энэ мэтчилэн нэг хэсэг ам нь дийлдэхгүй баахан давхидаг юм. Тэгж байгаад яваандаа гайгүй болчих тал бий. Ажиглаад байхад монгол адуу засал авахдаа гайгүй. Харин эрлийз адуу юм бол тэр чигтээ хадуураад байх шиг санагддаг шүү. Тэр нь сургалтын гэхээсээ илүү уяаны буруугаас болж халширч зүрхшээгээд байгаа хэрэг л дээ. Ер нь морь хадуурах нь дан ганц сургалтын буруугаас болохгүй, мөн уяаны алдаатай холбоотой. Өөрөөр хэлбэл уяа дутуу, буруу уяатай адуу ядраад ирэхээр ханарч, замаас гарчихаад байдаг. Хүнээр бол цаашид уралдаж чадахгүй нь ээ гэсэн үг л дээ.
Сэтгэл чухал
Адуу хүнээс дутахааргүй ухаантай, сэрж мэдэрдэг гэдэг нь нэгэнт шинжлэх ухаанаар батлагдсан зүйл. Өөрөөр хэлбэл адуу хүн шиг сэтгэж, орчин тойрныхоо нөхцөл байдлаас шалтгаалан баярлаж, хөөрөн басхүү гуниглаж бухимддаг амьтан. Үүнийг нь эртнээс мэдэрсэн бидний дээдчүүл морь уяаны үеэр хэл ам таталж, хэрүүл тэмцэл хийх зэргээр дуу чимээ их гаргах, басхүү өөр үнэр сэлтийг үл мэдрүүлэх үүднээс уяан дээр гадны хүн ойртохыг цээрлэдэг байсан бизээ. Товчхондоо уяач
зөвхөн сайн дасгалжуулагч бус сайн сэтгэл зүйч байж сая амжилтанд хүрдэг хэмээн ойлгож болохоор. Сайн байсан адуу уралдааны замд хадуурч уяач
эзний урмыг хугалах нь цөөнгүй. Энэ нь тухайн адууны сэтгэл зүйтэй холбоотой. Тиймээс эрхэм уяач та бүхэн адууныхаа зан төлөв буюу темпраментийг урьдчилан тогтоож, уралдааны тактикаа боловсруулах шаардлагатай болж буй юм. Тийн тооцоолоогүйгээс болоод хурдан морь уралдаанч хүүхдээс ирэх хэт ачааллыг дааж чадалгүй замаас гарах тохиол цөөнгүй бий. Түүнчлэн “Би гүйцэхгүй юм байна” гэсэн шантрамтгай сэтгэл зүйгээс гадна хэт бардсан сэтгэл зүй морийг уралдааны замаас гаргачихаад байдгийг малын эмч нар, туршлагатай уяачид сануулдаг.
Уяаны алдаа
Уяа сойлго таараагүй буюу буруу уяатай байгаа адуу уралдааны замд хадуурах нь элбэг. Өөрөөр хэлбэл уяаны алдаанаас үүдэлтэй бүх төрлийн догололт, хоол боловсруулах эрхтэн системийн хямрал, амьсгалын замын эмгэгүүд уралдааны замаас гарахаас аргагүйд хүргэдэг байна. Энэ тохиолдолд адууг дахин уралдааны замд оруулах гэж шахаж албадалгүй эмгэгт нь тохирсон тусламж үйлчилгээг үзүүлэх хэрэгтэйг уяач та юу эс андахав. Мөн хурдан адуу хадуурахад хүргэдэг өөр нэг хүчин зүйл бол таараагүй тоног хэрэгсэл буюу эмээл, хазаар, амгаа зэрэг болно. Тиймээс уяач та бүхэн адуугаа уралдааны замд гарахаас өмнө эдлэл хэрэгслийг дахин нэг хянахад илүүдэхгүй бизээ.