“Энэ жил их хурдан байсан юм. Даанч хадуурчихлаа. Тэр жил яг барианд ордогийн даваан дээр хадуураад замаас гарчихсан. Энэ уг нь хурдан адуу л даа, даанч хадуурдаг буруу зуршилтай юм” гэх яриа олонтаа тохиолддог. Чухам юунаас болоод адуу хадуурдаг юм бол. Юу тэднийг тийм муу зантай болгодог вэ.
Буруу сургалт
Хадуурахад нөлөөлдөг хамгийн анхны хүчин зүйл бол сургалтын алдаа. Өөрөөр хэлбэл анх сургахдаа энэхүү муу зангийн суурийг тавьсан гэсэн үг. Энэ тухайд Тод манлай уяач Д.Одгэрэл “Даага, шүдлэнг голдуу бага насны хүүхэд унаж сургадаг. Хүүхэд л болсон хойно амар хялбарыг нь бодоод гэрийнхээ ойрхон эргэлдээд байдаг. Анх сургахдаа гэрийнхээ хаяагаар эргэлдээд сурчихсан адуу тэр хавиасаа жаахан холдох гэхээр буцаж ханараад байдаг. Энэ нь даамжирсаар яваандаа гэр лүүгээ хадуурдаг зантай болчихдог. Зүй нь бол бага адууг сургахдаа морины хажуугаар гарч сургах хэрэгтэй. Яаж гэхээр сургаж яваа үрээгээ хөтөлж яваад хэсэг хугацааны дараа өөрийнхөө морины амыг татаж, албаар түрүүлгэх. Түрүүлээд сурахаар нь хүүхдээр нь ороолгуулж байгаад цогиулж гаргаж сургах хэрэгтэй. Морины аль ч талаараа нь дайраад гардаг болгох хэрэгтэй.
Нэгэнт буруу сургачихсан бол арай дадлагатай томхон хүүхдээр унуулаад засч болдог.
Сэтгэл чухал
Адуу хүнээс дутахааргүй ухаантай, сэрж мэдэрдэг гэдэг нь нэгэнт шинжлэх ухаанаар батлагдсан зүйл. Өөрөөр хэлбэл адуу хүн шиг сэтгэж, орчин тойрныхоо нөхцөл байдлаас шалтгаалан баярлаж, хөөрөн басхүү гуниглаж бухимддаг амьтан. Үүнийг нь эртнээс мэдэрсэн бидний дээдчүүл морь уяаны үеэр хэл ам таталж, хэрүүл тэмцэл хийх зэргээр дуу чимээ их гаргах, басхүү өөр үнэр сэлтийг үл мэдрүүлэх үүднээс уяан дээр гадны хүн ойртохыг цээрлэдэг байсан бизээ. Товчхондоо уяач зөвхөн сайн дасгалжуулагч бус сайн сэтгэл зүйч байж сая ажилтанд хүрдэг хэмээн ойлгож болохоор. Сайн байсан адуу уралдааны замд хадуурч уяач эзний урмыг хугалах нь цөөнгүй. Энэ нь тухайн адууны сэтгэл зүйтэй холбоотой.
Уяаны алдаа
Уяа сойлго таараагүй буюу буруу уяатай байгаа адуу уралдааны замд хадуурах нь элбэг. Өөрөөр хэлбэл уяаны алдаанаас үүдэлтэй бүх төрлийн догололт, хоол боловсруулах эрхтэн системийн хямрал, амьсгалын замын эмгэгүүд уралдааны замаас гарахаас аргагүйд хүргэдэг байна. Энэ тохиолдолд адууг дахин уралдааны замд оруулах гэж шахаж албадалгүй эмгэгт нь тохирсон тусламж үйлчилгээг үзүүлэх хэрэгтэйг уяач та юу эс андахав. Мөн хурдан адуу хадуурахад хүргэдэг өөр нэг хүчин зүйл бол таараагүй тоног хэрэгсэл буюу эмээл, хазаар, амгаа зэрэг болно. Тиймээс уяач та бүхэн адуугаа уралдааны замд гарахаас өмнө эдлэл хэрэгслийг дахин нэг хянахад илүүдэхгүй бизээ.
Бууриа сонгох
Уяа руугаа хадуураад замаас гарчихсан адууныхаа тухай олонтаа дуулсан байх. “Өнгөнд явж байснаа барианы наахантаа ирээд гэр лүүгээ хадуурчихсан” гэж хэлсэн уяачтай би ч цөөнгүй л таарч байлаа. Энэ тохиол бол уяач таны сонголттой холбоотой учраас сануулгаас өөр олон зүйл ярих нь илүүц биз. Ерөнхийдөө уралдаж үзээгүй шинэ газар оронд ирэх юмуу, эсвэл худаг ус бараадан барианы наана бууснаас болоод морьд замаас гарсан байдаг.
Энэ мэтчилэн тоочоод байвал адуу хадуурахад нөлөөлдөг цөөнгүй хүчин зүйлүүд байх агаад уяачид сургалтыг засах, эмгэгийг эмчлэх хийгээд нүдний хаалт бүхий толгойвч хэрэглэж байна.