Ховд аймгийн Мянгад сумын Мөрөн, Гахайт багийн зааг “Тосгоны булан” гэдэг газар 1948 онд малчин Готовын бидэртэй эрмэг борогч гүүнээс нэгэн хөх саарал унага гарсан нь баруун монголд төдийгүй улс орон даяар алдаршсан хүрдан хүлэг Мянгадын “Чонон саарал“ юм.
Наадмын өдөр дурангийн хараанд эхний морьдын зүс танигдаж ядан хүмүүс ам амандаа хоёр хээр морь гараад ирлээ. Үгүй үгүй нэг нь хонгор морь байна энэ тэр гээд морьдоо зүсэлж ядаж байтал барианы хөлд нэгэн саарал морь гараад ирлээ. Хүмүүс гайхан Мянгадын саарал биш үү? Энэ тэр болоод явчихлаа. Энэ морь бол алдарт “Чонон саарал” байж. Ингэж уралдааны олон морьдоо дурангийн хараанд танигдахтай үгүйтэй газар орхиод тасархай хол түрүүлж ирдэг тийм л хурдан ажнай билээ.
Нэгэн удаа засаг даргын жолооч тийм хурдан ажнайг машинаараа дагадаг хэрэг гээд дагаж үзжээ. Элсэн дотор дагахад 80 милльтэй явж байжээ. Дараа нь жолооч гараанаасаа 100 милльтэй гарсан байхаа гэж тооцоолж байсан түүхтэй.
Чонон саарал нь биеэр их том, галбир сайтай, уралдахаар гарч байгаа морьдын дотроос биеийн өндрөөрөө гоц ялгаран харагддаг, том толгойтой, өргөн магнайтай, соотон чихтэй, нүд томтой, майхан шиг алцгар салтаатай, галуун сагагтай, дэл, сүүл шингэн, хазах өшиглөхийг мэддэггүй, дөлгөөн араншинтай морь байжээ.