Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо/МҮМУУХ/-ноос өнөөдөр /2019.05.10/ хэвлэлийн бага хурал хийж холбооныхоо баримтлах чиглэл, үйл ажиллагааны талаар танилцуулав.
Тус хуралд МҮМУУХ-ны ерөнхийлөгч Ж.Гомбожав болон М.Ариунболд, Ц.Дуламсүрэн нарын гишүүд оролцлоо. Энэ оны дөрөвдүгээр сарын 27-нд МҮМУУХ-ны анхдугаар хурал болж холбооны анхны ерөнхийлөгчөөр Ардын Их Хурлын дарга асан, “Монгол адуу” нийгэмлэгийг үүсгэн байгуулагч Ж.Гомбожавыг сонгосон юм. Шинээр байгуулагдсан тус холбооны гол зорилго нь монгол адууг цэвэр үлдээхэд анхаарах юм.
Улсын баяр наадам, Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулж буй улсын болон бүсийн наадамд монгол, эрлийз адууг ялгалгүй уралдуулснаар олны дунд маргаан үүсгэх болсон билээ. Харин улсын чанартай наадамд зөвхөн монгол адууг уралдуулснаар уяачид шударга наадах боломж бүрдэнэ. Иймд уралдах морьдыг ялгах, үүлдэр тогтоох комиссыг байнгын ажиллагаатай болгож, морьдыг баримтжуулах бүртгэлийн ажлыг нээлттэй хяналтын дор хийхээр төлөвлөжээ.