Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон коронавирусын халдвар авсан нь тогтоогдсоноор дэлхийн улс орнуудын удирдагчдаас хамгийн өндөр албан тушаалтай хүн өвдсөн тохиолдол болоод байна. Үүнтэй зэрэгцээд АНУ-д коронавирус өвчний баталгаажсан халдварын тохиолдол 104,000 давж, нас барсан хүний тоо 1700 хүрчээ.
Хятад, Итали зэрэг улсуудыг алгасч, АНУ нь Covid-19 тахлын анхаарал татсан төв цэг болж хувираад байна. Нью-Йорк, Вашингтон мужуудад коронавирусын тархалт хамгийн ихээр ажиглагдаж байна. Чикаго, Детройт, Нью-Орлеан зэрэг хотуудад ч гэсэн тархалт огцом нэмэгдсэн нь дээрх хотуудад эмнэлгийн нөөц хангамж дутмаг байгаатай холбоотой.
АНУ-ын хэмжээнд 213 хотын захирагчдын мэдэгдсэнээр тэдэнд шаардлагатай тоног төхөөрөмж, нөөцийн дутагдал үүсээд байна. Мичиганд л гэхэд өнгөрсөн долоо хоногт халдварын тохиолдол 350 байсан бол, өнөөдөр 3000 болжээ. Баасан гарагт коронавирустэй холбоотойгоор 402 нас баралт нэгдсэн улсад бүртгэгдсэн. Зөвхөн Хавай, Рөүд Айланд, Баруун Виржиня, Вайоминг мужууд л нас баралт бүртгээгүй байна.