manlai awarguud

Манлай аваргууд Монгол бөхийн жудаг, уламжлалт ёсыг сануулав

Өнөөдөр Пума Империал зочид буудалд Монгол үндэсний бөхийн өнөө цагийн Манлайлагчид болсон Дархан аварга, Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар 16 жил үргэлжилж байгаа Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны удирдлагын асуудлын маргаанаас илүүтэй олон зууны уламжлалт Монгол үндэсний бөхийн уламжлалт ёс дэг, өв соёлоо эрхэмлэх нь бидний чин ариун үүрэг гэдгийг сонордуулахаар хэвлэлийн бага хурал зарлан хуралдууллаа.

Дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 

-Бөхийн холбооны маргаан 10 гаруй жил үргэлжиллээ. Одоо эе эвээ олохоор бид явж байна. “Бөхийн өргөө” маань хаалттай байна. “Бөхийн өргөө” рүү дайрахгүй гэсэн баталгаа гаргаж өгвөл зөвшөөрөл өгнө гэсэн шаардлагыг Цагдаагийн байгууллагаас тавьж байгаа. Х.Баянмөнх аварга бид хоёр аав, хүү, ах, дүүгийн барилдлагатай олон жил монгол бөхийн дэвжээн дээр амьдарч ирсэн хүмүүс.

Baterdene awarga

Би зөөлөн номхон, эв эеийг хичээдэг хүн

Бидний сэтгэл монгол бөхийнхөө төлөө хэзээд байна. Бид хамт МҮОНТВ-ийн халз мэтгэлцээнд оролцсон. Дархан аваргуудын зүгээс нэгдсэн нэг шийдвэр гаргах хэрэгтэй гэж үзсэн. Бөхийн холбооны удирдлагуудын маргаан тусдаа зүйл. Ингээд Түр зөвлөл байгуулагдсан. Санаан зоргоор болоогүй. Бөхчүүдийнхээ саналыг авсан хүмүүс байгаа. Түр зөвлөл ямар зарчим баримталж ажиллахыг чиглэл болгосон. Гарьд Б.Гантогтох, Ц.Магалжав нарын бөхчүүд  гэрээний ард гарын үсэг зурсан.

Бөхийн холбооны удирдлагын төлөө маргалдаж байгаа хүмүүс энд оролцохгүй. “Бөхийн өргөө”-ний өмнөх ажилтнууд ажлаа хийгээд явж байгаа. Х.Баянмөнх аварга бид хоёрт одоо санал зөрсөн зүйл байхгүй. Би зөөлөн номхон, эв эеийг хичээдэг хүн. Бид хоёрын амжилтаасаа илүү Монгол бөхийн жудаг ёсыг хадгалж, хамгаалж явах нь чухал. Энэ тухайд хоёр аварга санал нэгдсэн. Допингийн эсрэг тэмцэхэд ч мөн санал нэгдэж байгаа.

Бөхийн хүрээнд олон жил болсон талцал хагарлыг намжаана. 16 жил шүүхээр явсан маргаан яаж үргэлжлэхийг мэдэхгүй ч шүүхийн шийдвэрээс үл хамаараад МҮБХ-ны ажлыг үргэлжлүүлж, “Их Эе”-ийг дахин хуралдуулъя гэсэн санал байгаа. Дараагийн хурал ном журмынхаа дагуу явах биз дээ. Бид хоёроос шалтгаалсан ард түмнээ бухимдуулсан зүйл байвал албан ёсоор уучлалт гуйж байна.

 

Дархан аварга, Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх:

-МҮБХ-ны маргаанаас гадуур Б.Бат-Эрдэнэ бид хоёр асуудлыг шийдэх ёстой. Монгол бөх гэдэг энэ ертцөнч цагийг эзэлсэн аваргуудынхаа жудган дээр тогтож яваад өнөөг хүрсэн. Бөхчүүдээ удирдаж, зохион байгуулах үүрэгтэй. Монгол бөх аваргуудынхаа ёс зүйд удирдуулж, дагаж ирсэн түүхтэй. Бөхчүүд орох, барилдах, монголчууд бөх үзэх газаргүй байж болохгүй.

Baynmunkh awarga

“Бөхийн өргөө” хог шороондоо дарагдаж, 30 гаруй ажилтан нь амьдралаа алдаж байна. Ийм байж болохгүй ээ. Бөхчүүдийнхээ эрхийг хүндэтгэе. Би бол Л.Чинбатын холбоог хууль ёсных гэдэг. Б.Бат-Эрдэнэ наймдугаар “Их-Эе”-ийн шийдвэрийг дагана гэж үздэг. Эцэст нь, хоёулаа санал нэгдээд,  бөхчүүдээ удирдаад явах хэрэгтэй гэж шийдэн, Түр зөвлөл байгуулж байна. Нас, цолны эрэмбээр Түр зөвлөлийг надаар ахлуулсан.

Бид “Монгол бөхийн өргөө”-г нээлгэнэ. Шүүхийн шийдвэр гарсан талын мэдэлд “Бөхийн өргөө” шилжинэ. Шүүхийн шийдвэр гарсан өдөр Түр зөвлөл татан буугдана.  Допингийн эсрэг тэмцэх асуудлыг орхигдуулахгүй. Б.Бат-Эрдэнэ бид хоёр ингэж л тохирсон. Цаашдаа маргаантай байгаа хоёр холбоо бид хоёртой зохицож байж, нэгдсэн “Их Эе”-ийг хийх хэрэгтэй.

Ингэхгүйгээр шүүхийн шийдвэр гарснаар асуудал бүрэн шийдэгдэхгүй. Маргаан үргэлжлээд л байна. “Бөхийн өргөө”-гөө цэвэрлэж, үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх ёстой. Б.Бат-Эрдэнэ бид хоёр бөхийн маргааныг нэг талд гаргах, хоёр холбооны асуудлыг цэгцлэх Түр зөвлөл байгуулж, гарын үсэг зурахдаа “Зөв юм хийж байна уу” гэж нэг нэгнээсээ асуусан. Бид хоёр ингэж хатуу тохирсон юм шүү.

Эх сурвалж: АРДЧИЛАЛ.МН

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих