mongolian spring

С.Дулам: Хөх ногоо ургаж, хөхөө шувуу донгодоогүй цагт цээрлэх гурван ёсон бий

 Засгийн газраас жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдрөөс тавдугаар сарын 1 хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулах, үсэргээ, сунгаанд 12 хүртэлх насны хүүхдийг морь унуулахыг хориглосон шийдвэр гаргасан. Гэвч гахай жил гарсаар хэд хэдэн аймагт  уг шийдвэрийг зөрчсөн тохиолдол гарч унаач хүүхэд амь насаа алдсан хэрэг гарсан.

Үүнтэй холбогдуулан  монголчуудын дунд эртнээс нааш үнэхээр эл уламжлал байсан эсэх талаар албаны хүнээс тодруулав. 

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн шинжлэх ухааны доктор профессор С.Дулам: 

 “1999 онд би судалгаа шинжилгээнийхээ ажлаар хуучин Сайнноёнхан аймгийн Сайн ноёны хошууны албат явсан Паламдорж гэдэг 80 гаруй нас сүүдэр зооглосон буурлаас сурвалжилж, тэмдэглэж авсан баримт бий.

Тэр хүн надад Монголчууд хөх ногоо ургаж, хөхөө шувуу донгодож эхлээгүй цагт хурдан морь уралдуулах, эсгий үүдээ гэр дээрээ тавих, дээлийг сугалдаргалах гэсэн гурван зүйлийг хориглодог байсан тухай хэлсэн юм. Энэ гурван зүйл тэнгэрийн үүд хаалттай байх цагт тэнгэр задраах, өөрөөр хэлбэл цаг агаарыг эвгүйцүүлнэ гэж үзэн хориглодог байж.

Тэгэхээр үүнээс үзэхэд ногоо ургахаас өмнө, морь малын хүч тэвээрэг аваагүй цагт морь уралдуулах нь угаас хориотой байсан юм шиг байгаа юм.

Харин хуучин цагт залуус Цагаан сараар айл, хамаатан саднаараа зочилж, золгуут хийхдээ тэр жилдээ хэн нь хийморьтой явахыг үзэх гэж айл саахалтын хооронд буюу богинохон зайд нэг удаа ухасхийж, хэнийх нь морь хурдан байгааг үздэг байсан.

Гэхдээ энэ бол томоохон уралдаантай адилгүй, тоглоом наадмын чанартай зүйл шүү дээ. Ийм зүйл л байсан. Түүнээс биш урт хөлийн уралдаан угаас өвөл, хаврын хахир хатуу цагт байгаагүй” хэмээн тайлбарласан юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих