Хэдэн үг солих зуур л хэн бэ гэдэг нь мэдрэгддэг хүн байдаг. Тийм л хүний нэг нь Д.Эрдэнэчулуун аж. Түүнтэй саяхан болсон Монголын уяачдын VII их хурлын завсарлагаар олны чөлөө үгүйлэн байж хэдэн үг ярилцав. Бид хоёр цаг хугацаа тун бага. Түүн дээр мань хүний танил тал гэдэг яасан ч олон юм.

Говийн их хүний мэнд мэдэхгүй бол болохгүй ээ гэж олон хүн хэлж байна лээ. Энэ бол хүндлэл аж. Харин та энэ уяачдын манлайд явдаг нэгэн бололтой доо гэх үгийг Д.Эрдэнэчулуун өлгөж авангуут сайхан хүмүүсийн над руу ингэж хандаж байгаа нь Эрдэнэчулуун гэдэг хүндээ биш ээ хурдан буян морьдын маань хувь хишиг гэж тэр хариулна лээ.

Нээрээ л томоохон уяачид, адууны зүтгэлтэн эрдэмтэн хүн ч түүнийг сүрхий хүндэлж байгаа нь нэгийг бодогдуулахгүй байхын аргагүй байлаа. Бас нэгэн бодол төрнө. Уяачийг хэн бүтээдэг юм бэ гэвэл малчин монгол түмэн гэх биз. Харин тэр дотор Д.Эрдэнэчулуун гэж түмний танхил нэгэн бий болсон нь адуутай, айрагтай, найрагтай монгол нутаг гэж болох. Тиймдээ ч Дундговийнхон адуутай, айрагтай, найрагтай, Ай миний Дундговь гэж дуулна. Үүнийг бодохлоор говийн хараа гүйцэмгүй тал сайхан нутаг адууны домог, дуу хоёрт мөнхөрчээ гэж бахархан бодном.

Дундговь аймгийн төв рүү өмнө талаасаа их замын зангилаа хэсэгт нэгэн сүрлэг хөшөө байх. Энэ цагийн домог болсон Төрийн дархан түмэн эх цолтой шаргын хөшөө “амьд” дүүлж харагддаг. Шаргыг уралдахаа больсноос хойш наадам бүтэн биш шиг санагддаг үе байлаа гэж хүмүүс хэлцдэг.

Ингэхлээр энэ нутаг өнөө үед ч хурдтайг илтгэдэг юм даа. Энэ тухайд Д.Эрдэнэчулуун бахархалтайгаар өгүүлэхдээ “Энэ шаргын хөшөө манай аймгийнхны нэгэн өнгө төрх болж байдаг юм. Уяачид бид ч өөр өөрийн хурдан буянуудыг алдарт шаргатай төсөөлүүлэн бодож явдаг юм даа” гэж билээ. Ингээд зочныхоо амьдралын тойргоор аяласан тухайгаа хүүрнэе хэмээн бодлоо

ЖОЛООЧ ХҮН МАЛЧИН БОЛСОН ТҮҮХ
erdenechuluun-ger bul

Эхнэр А.Алтанхүүгийн хамт 

Д.Эрдэнэчулууныг уг нь удамтай малчин бас уяач гэж бодож явлаа. Тэгвэл тийм биш юм. Түүний аав нь жолооч олон түмэндээ “сахал” хэмээн цоллогдсон Дамбадаржаа. Ээж нь ч энгийн л нэг ажилчин байж. Тэр үеийнхэнтэйгээ би төмөр түрж, дугуй өнхрүүлж өссөн дөө. Баазын байранд голдуу жолооч нарын хүүхдүүд нь ч машин тэргэнд ойр ийм л. Гэтэл яагаад Д.Эрдэнэчулуун малчин болсон юм бэ гэвэл ердөө л өөрийн унаган санаа нь малд ойрхон, адуу гэхээр хичээл номоо ч мартдаг нэгэн байж. Би наймдугаар анги төгссөн хүн. Тийм сайн сурлагатай хүүхэд байгаагүй ээ гэж хэлнэ лээ. Малд дуртай гэдэг нь хачин хүүхэд байж. Өвөө нь хөдөө малчин. Тэднийд зуны амралтаар хааяа очно гэдэг жаал хүүгийн нар гарсан хэрэг байдаг байлаа. Нээрээ ч хожмоо малчин болохын эхлэлийг өвөө нь тавьсан гэдэг.  Энэний малд дуртай гэдэг нь хачин хүүхэд шүү гэсэн өвөөгийн минь үг намайг хөдөө рүү хөтөлж, амьдралын зөв замд оруулсан юм даа гэж Эрдэнэчулуун ярьдаг. Тухайн үед жолоочийн хүүхэд жолооч болдог бичигдээгүй хууль байж. Гэтэл тэс өөр замыг жаахан Эрдэнэчулуун сонгожээ. Хөдөө гарлаа. Эхлээд 16 хонь, дөрвөн ямаатайгаар гал голомтоо асааж. Адьяагийн Алтанхүү хэмээх бүсгүйтэй гэрлэж эгэл нэгэн малчны амьдралаа эхэлж байж. Энэ тухай найз Чулуунбаатарынх нь дурсамжид тэр үнэнийг баталсан үг бий. Ингээд тэд дөрвөн сайхан хүүхдийн эцэг эх болж түмэндээ түшигтэй нэгэн сайхан айл явна. Малчин айлын эзэгтэй ямар ажил амжуулж, өдөр тутмын үйлийг нугалж байдгийг өнөө үеийнхэн мэдэхгүй байж магад. Тэгвэл сааль сүүгээ авах, идээ цагаагаа хийхээс эхлээд гэргий А.Алтанхүүд үүрэг их. Тэр дотор уяач хүний гэргий байна гэдэг улам ч их ажилтай.

МОРЬ ХУРДАН, УЯАЧ УРАМТАЙНХ 

Д.Эрдэнэчулуун 1980 онд цэргээс халагдаж түүнээс ердөө жилийн дараа Сайнцагаан сумын Мижиддорж гэдэг хүнээс нэг хөөрхөн бор үрээ авч. Тэр жилээ түүнийгээ сумандаа уралдуулчихаж. Тэгсэн дөрөвт хурдалж анхны айргаа амссан юм гэнэлээ.

Энэ бор морь намайг олон удаа баярлуулсан даа гэж уяач ярьсан. Нэг жил гурван наадамд түрүүлж байсан гэхээр. Тэр морь аргагүй л хурдан хүлэг байж. Д.Эрдэнэчулуун хэн нэгэнд хадаг барьж очоод шавь ороогүй ч Адаацаг сумын уяач Дашдэлэг гэдэг сайхан хүнийг багшаа гэж хүндэлж явдаг юм билээ. Тэр хүн болоод нутгийн хашир уяачдын хэлсэн үг, сургаалийг биелүүлэх гэж явахдаа их зүйл сурсаан гэж манлай маань ярьж байсан юм. Хаана хэний морь өнгөтэй байна. Түүн рүү нүд бэлчээнэ. Морины тухай хаана халуун яриа өрнөж байна. Чих тавина. Ингэж байж л уяачийн эрдмээс хэлтэлдэг юм шүү гэж нэмж ярина лээ. Үнэндээ уяач хүн нэгэн чигийн эрдэмд гүнзгий суралцсан байдаг гэж болно.

d.erdenechuluun

Их говийн малай уяач

Д.Эрдэнэчулууны хувьд түүнийг адуу руу хөтөлсөн хүний нэг нь нагац ах Ганболд нь. Тэр хүнийг дагаж морины сүүл шууж, гөхөл боож сурсан гэдэг. Одоо ч сурч л байгаа. Бас адууны захтай болохынх нь эхлэлийг өвөө Банзрагч  нь тавьж. Цагтаа бэлтэй нэгэн байсан тэр Эрдэнэчулууныг адуутай болгосон эрхэм хүн нь. Тэгээд л дээр дурьдснаар бор мориороо эхэлж уралдаж эхлэсэн гэдэг амттай яриа манлайгийн байнга хэлдэг үг. Нэг хэсэг унаган адуугаараа л уралддаг байлаа гэж. Сүүлд нутгийн уугуул Л.Бямбаноровтой хамтарч хурдын эрэлд мордож Сүхбаатар аймгийн Халзан сумаас хэдэн адуу хөтөлж ирсэн. Тэр бүхэн ч сайхан хурдалж. Тэднээс нь нэг содон нь улсын баяр наадамд найман настайдаа түрүүлсэн хар морь.

Хязааланд нь авчирсан тэр хоёр үрээ эхний жилээ аймгийн ойд айрагдаад “Говь шанх”-ын наадамд түрүүлсэн байдаг. Хоёр жилийн дараа төрийн наадамд торгон жолоогоо өргүүлсэн юм билээ. Түүний өмнөх жил нь Өвөрхангайн Бүрдийн нутагт оторт явж байгаад аймгийнхаа наадамд 10 гаруй морьтой очиж таван түрүү, нэг айрагтай буцаж байж. Аймгийн наадмын таван түрүү гэдэг чинь тэр үедээ онцгой амжилт байсан болохоор оны шилдэг уяач болж байсан юм гэдэг.

 “Гавьяат малчин” цолыг 2017 онд хүртжээ. 

Дундговьт болсон Зава Дамдины мэлмий гийсний 130 жилийн ойн даншиг наадамд хээр даага нь их хол түрүүлсэн. Энэ үед л Д.Эрдэнэчулуун уаяч болж байгаагаа зах зухаас нь мэдэрсэн гэдэг юм. Манлай ярихдаа, Тэр наадмын даага  мордохын урьд өдөр хээр даагаа харсан чинь нэг л өөр харагдаад болдоггүй уяа нь таарч ёстой л ир нь ирсэн шиг байгаад л лавтайяа айрагдахаар ч юм шиг. Дүүдээ ахын чинь морь айрагдах гээд байна. Ээжийг аваад ир гэсэн чинь тоосонгүй. Бас тэссэнгүй найз Чулуунбаатартаа хэлдэг юм. Бас нэг их ойшоосонгүй. Уяачидтай ярилцаж байхад Дэрэнд болсон сунгаан дээр алдарт уяач Цэрэндагвын уяаны долоон даага дарааллаараа ирсэн тухай сонсов. Бодлоо. Тэр нэг хүний гарын долоон даага дарааллаараа ирж байхад би ганц даага уячихаад гэж…

Ингээд 150 гаруй даага мордсон юм. Морь гараад ирлээ. Цагаан хувцастай эрэгтэй хүүхэд зайдан унасан хээр даага түрүүлж явна л гэнэ. Миний даага мөндөө. Цойлсоор байгаад түрүүлчихсэн дээ. Энэ үед би бас уяачийн эрдэмд бага ч атугай суралцаж байгаа юм байна гэж ойлгосон доо гэсэн юм.

erdenechuluun

Та 30 гаруй жил морь уялаа гэж ярьсан. Бас Монгол Улсын манлай уяач гэдэг эрхэм цолны эзэн юм. Олон олон айраг, түрүү авсан байхдаа гэхэд Д.Эрдэнэчулуун,

-Улсын баяр наадмын бол нэг түрүү, гурван айрагтай. Харин бүсийн том наадмуудаас 5-6 удаа түрүү, айраг авсан даа. Ер нь бол уяач хүнд цол хэргэм олгоно гэдэг зөвхөн түрүү айраг тоолдог (Уг нь дүрмэндээ тийм) төдий биш  олон жилийн уйгагүй хөдөлмөрийн минь үнэлгээ биз ээ гэж хариулсан юм. Уяач хүнд онцгой чанарууд байдаг гэдэг. Би хоёр хүүтэй. Хоёулаа л морь уях болсон нь удам залгаж буй хэрэг гэж хэлнэ лээ. Ер нь Д.Эрдэнэчулуун гэж уяач ганц биш. Шарга азарганы эзэн тод манлай уяач Э.Эрдэнэчулуун гэж бий. Бас Эрдэнэдалайд нэг Эрдэнэчулуун гэдэг хурдан буянтай нөхөр гарч ирж байгаа дуулддаг юм. Манай зочин Д.Эрдэнэчулуун бол нэг л өөр хүн дээ. Яагаад чи ингэж хэлэв гэвэл  онгирсон доо ч биш чадаж байгаа юманд аргагүй ээ гэдэг шиг бат итгэсэн үгээ хэнд ч хэзээ ч хэлчихдэг нэгэн. Энэ тухай нэг дурсамж сонирхуулья л даа.

-Тэр жил хээр азарга нь түрүүлдэг жил аман хүзүүнд  Баян-Өнжүүлийн Д.Хишигжаргалын азарга хурдалж. Нутгийнхан нь Эрдэнэчулуун чиний хээр азарга довынхоо нэр төрийг авч гарлаа гэхэд нь,

-Дондговийн баруун талд азарга, их нас, уяач гурав нэг айлд байдгийг битгий мартаарай гээдхэж. Зарим нь түүнийг онгирч байна гэсэн л байх. Гэтэл их нас нь, шүдлэн морь нь бас түрүүлж даага нь айрагдсан гэдэг юм. Нэг наадмын таван түрүү авсан тухай дээр өгүүлсэндээ. Харин Д.Эрдэнэчулуун тэр наадамд хязаалан мордуулаагүй. Энэ насанд нь нөгөө алдарт уяач Д.Хишигжаргалын морь түрүүлсэн. Тэгээд Эрдэнэчулуунд “Чиний цоорхой насны ганц түрүүг авлаа шүү гэж нөхөрсгөөр хэлж байсан юм гэдэг. Д.Хишигжаргалд Эрдэнэчулууны яльгүй аархсан үг хатуудсангүй л дээ. Хэлснээ баталсан юм болохоор тэр биз.

Д.ЭРДЭНЭЧУЛУУН ЗҮГЭЭР УЯАЧ БИШ НИЙГМИЙН ЗҮТГЭЛТЭН ХҮН

Тиймээ. Манлай уяач Д.Эрдэнэчулуун зөвхөн хурдан морьддоо санаа тавьж хааяахан уралдаж явдаг, дургүйгээ хүрэхээр хашигнаж явдаг нэгэн биш. Түмний төлөө гэсэн сэтгэлтэй хүн. Сумынхаа заримыг малжуулах бас залуучуудыг уяачийн эгнээнд хүргэхийн төлөө ихийг бодож яваа. Өнгөрсөн жил сумын шинэ гавьяатуудыг алдаршуулах нэрэмжит наадмын үеэр Д.Эрдэнэчулууны хүнлэг сэтгэлийн тухай хүмүүс ярилцаж байхдаа чухам л хаа ч нөмөр өөлөгтэй хүн гэцгээхийг нь сонсож байлаа. Луусынхан хурдтай болж байгаа. Энэ бол манлайгийн л зүтгэлийн үр дүн гэж ярих хүн ч байх юм билээ.

Д.Эрдэнэчулууны хувьд: 
2012 онд улсын “Алдарт уаяч”,
2006 онд Монгол Улсын “Шилдэг уяач”,
2008 онд Монгол Улсын “Манлай уяач”,
2017 онд “Гавьяат малчин” цол хүртсэн бол Н.Жигмэд, Ж.Дэмбэрэлдорж, Д.Даваацэрэн гээд аймгийн алдарт уяач олон төржээ. Ингэхлээр манлай уяачтай, хурд хургасан нутаг гэгдэх болсон.
Дундговь аймаг”Нарны хүлэг” нэртэй уяачдын холбоотой. Уг холбоог байгуулалцсан хүний нэг нь Д.Эрдэнэчулуун. Энэ тухайгаа ярихдаа холбоог анх байгуулсан гол хүн гэвэл “хар хамар” Бямбасүрэн, Эрдэнэдалайн Ж.Содномпэл гэдэг нэрт уяач нар шүү дээ гэж байна лээ. Бас энэ хүн хүүхэд залуучуудын хүмүүжлийн тухай сав л хийвэл ярих. Тэхдээ бидний үеийнхэн бол хүмүүжил сайтай. Харин өнөөгийн зарим залуучууд зоргоороо, хүн хүндлэхийг мэдэхгүй хачин байдал харуулдаг. Үүнийг би эцэг эх бид л тэднийг ийм болгож “алж” байна даа гэж боддог гэсэн юм. Хүмүүжил гээд ярихдаа бас адуу руу л орно.Айл гэр болж байга хүүхдэд ахиу хөрөнгө тасдаж битгий өг. Яагаад гэхээр их юман бялуурсан залуус буруу хүн болдог. Адуу ч гэсэн дээ. Эхлээд олон гүү хураасан азарган үрээнд цөөн гүү хураалга. Юу юуны туханд хүрэлгүй олон гүү хураалгачихвал хожим нь гүү тавиад өгөхөд тоодоггүй. Хүн адгуус хоёрын амьдралын нэг үзүүр ийм юман дээр л нийлдэг юм даа.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин