elbeg kheer

Босоо тэнцсэн ЭЛБЭГ ХЭЭР

Нэрт уяач, их шинжээч, өвгөн ноён Хардэл жанжин бэйс М.Пүрэвжавын цуут хурдан хүлгүүдийн нэг нь этгээд хэлбэр хийцтэй Элбэг хээр азарга юм.  Зуун дамнан дуурсагдсан энэхүү хурдан хүлгийн талаар Галшарчууд хэрхэн хуучилж ирсэнийг уншигч танаа дуулгая.

Элбэг хээр бол 1899 оны шарагчин гахай жилийн хавар эхээсээ тэнцсэн унага. Тэгэхдээ бусад унаганаас этгээд буюу босоо тэнцэн хожмын цуут хүлэг болохоо илтгэсэн гэдэг.

Элбэг хээрийг дааганд нь сургахаар мордоход бөхөжсөн сайн сурыг тас үсэртэл булгиж эмээлийн хэрэгслээ тарааж байсан гэдэг.Үүнийг нь дуулаад өвгөн ноён шинэ аргамжаар сурлаж дахин мордуулахад эмээлийн сур ч тэсч унасан хүү ч тогтон омголон үрээ ч зүгширчээ.

Элбэг хээр хачин хэлбэр галбиртай адуу байсан гэдэг. Суга цавины нь арьс нь тэрлэгэн дээл хөөргөж бүсэлсэн юм шиг сул харвигнан унждаг. Чих нь дэлдэн, дух магнайгаараа хотгор, уруул ам нь унжсан ер нь л тун хачин этгээд адуу байж. Гэсэн ч хурдан хурцаараа гайхагдсан буянт хүлэг байсан юм.

elbeg kheer azarga

1925 онд Галшар нутгийн гарамгай уяач, нэрт хүлэгч “идэмхий” /Өвгөн ноён ихэд шооч нэгэн байсан бөгөөд байнга цулбуураа хэмлэж явдаг Жунайг ийнхүү хочлох болжээ/ хэмээх Жунай Ардын хувьсгалын дөрвөн жилийн ойн их баяр наадамд Элбэг хээртэй ирж томдсон хүүхдээр унуулсан эцэнхий хээр азарга тэр наадамд тасархай хол түрүүлж, уяхан нэгний самсааг шархируулсан гэдэг.

Тэр жил Элбэг хээр алсын уяагаар улсын наадамд түрүүлээд, давхар уяагаар хошуу наадамдаа дахин түрүүлсэн нь энэ билээ. Ийнхүү улсын наадмын довон дээр эзнийхээ итгэлийг хөсөрдүүлээгүй Элбэг хээр аймаг, олон хошуу нийлсэн томхон наадамд 17 удаа түрүүлсэн алдар цолоо дуудуулсан аргагүй хурдан -“Түмний эх” байжээ.

elbeg kheer

Тухайн цаг үед даншигт түрүүлсэн морийг эзнийх нь хүслийг үл харгалзан Богд хаанд мандал өргөн сүрэгт нийлүүлдэг байсан тул хэд хэдэн удаа амыг нь татан аман хүзүүдүүлж байсан гэдэг. Ийнхүү эхээс босоогоор тэнцэж 26 нас хүртлээ уралдан, эрэмгий хурднаараа гайхагдсан Элбэг хээр давхар уяагаар хошуу наадамдаа түрүүлэн алтан жолоогоо өргүүлсэн нь сүүлийн уралдаан нь байсан гэдэг.

Тэмээний адил унжсан уруултай, их элбэг сул арьстай, урт том биетэй этгээд сонин хийцтэй Элбэг хээрийг өвгөн ноён дүрслэн зурсан байдаг бөгөөд тусгай том хазаар, эмээл хэрэглэдэг байжээ.

Түүнчлэн морин эрдэнийн сударт дурьдсан “…хойноос үзвэл хоёр хүн барилдсан мэт, урдаас үзвэл таварсан тэмээ мэт, үзэхэд муухай, магнай хавтгай, хацар хавдсан мэт, гэдэс хавирга урт, хүзүү урт, нарийн хоолой агуу, дөрвөн хөл бүдүүн…” зэрэг шинжүүдийг агуулсан Элбэг хээрийг тэмээн тэлмэн шинжит хүлэг байсан хэмээдэг билээ.

Цуут хүлгийн тухай тэмдэглэлээ Галшар сумын харьяат, аймгийн алдарт уяач Наваандаржаагийн Ухна гуайд хадгалагдсан үлдсэн сийлбэрийн зураг хүргэж байна.

elbeg heer

 

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
2 (2 votes)

Сэтгэгдэл бичих