morit-ergvvl

Морьт эргүүлүүд бэлтгэлээ базааж эхэлжээ

Нийслэлийн цагдаагийн газар 2010 онд алба морины зүчээтэй болсон. Учир нь тэр жил Оросын Холбооны Буриад улсаас Будени үүлдрийн 20 адууг авчирснаар цагдаагийн байгууллага ийнхүү морьт эргүүлтэй болсон түүхтэй. Будени үүлдрийн морь монгол морийг бодвол өндөр, заасан зүйлийг хурдан сурдаг, номхон дөлгөөн зантай байсан байна.

2018 онд л гэхэд морьт эргүүлүүд голын уснаас нэг иргэний амь насыг аварч, хэд хэдэн гэмт хэргийг таслан зогсоосон төдийгүй эргүүл хийх хугацаанд ногоон бүс дэх гэмт хэргийн гаралт буурч байжээ.

Одоогоор морьт эргүүл зөвхөн урьдчилан сэргийлэх чиглэлээр үүрэг гүйцэтгэж байгаа ч автомашинаар хүрч очиход түвэгтэй газрууд тухайлбал ой модонд эрэн хайх чиглэлээр үүрэг гүйцэтгэх боломжтой аж.

Монгол морьд байгальд дасан зохицсон байдаг тул догшин, адгуу ааштай, цочимтгой, олон хүнтэй газар явахад аюултай байдаг байна. Гэхдээ монгол морьдыг ялгаж сургах, Будени адуутай хамт байлгах тал дээр ажиллаж байгаа аж.

Нийслэлийн Цагдаагийн газрын албаны адууны зүчээнд хоёр азарга, 10 морь, есөн гүү, шүдлэн, даага, унаганууд нийлсэн 40 гаруй толгой адуу албан үүрэгтээ суралцаж байна. Эргүүлийн морьд олон хүнтэй, машин техник, элдэв чимээ шуугиантай газар үүрэг гүйцэтгэдэг учир номхон дөлгөөн, хүнд дассан, машин техникээс үрэгдэж айдаггүй байх зэрэг шалгуурыг хангасан байх ёстой аж. Иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр үүрэг гүйцэтгэж байгаа учраас хаздаг, өшиглөдөг муухай зантай байж огт болохгүй байдаг.

Тавдугаар сарын 1-нээс морьт эргүүл үүргээ гүйцэтгэж эхэлнэ. Ялангуяа, амралт зугаалгын үед эргүүл чухал үүрэгтэй. Нэгдүгээрт, иргэдийн амь нас, эрүүл мэндэд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж, нийслэлийн ногоон бүсэд гал түймэр гарахаас хамгаалах юм байна.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих