Монголчууд хүнс хоол ундаа тухайн цаг улиралд нь тохируулан зохицуулж ирсэн уламжлалтай ард түмэн. Жилийн 4 улирал, өдрийн цаг, тухайн хүний хүйс, нас, бие махбодийн онцлог, бодисын солилцоо, энергийн хуримтлал зэргээс хамааран хоол ундныхаа төрөл зүйл, тэдгээрийн хэмжээг тохируулсаар иржээ.
Ингэхдээ өвлийн хатуу хахирган цагт тамир тэнхээг сэргээх, дотоод энергийг халуун дулаан байлгах үүднээс уураг, тэжээл ихтэй өөх тос бүхий нөөшилсөн махны төрлийн хүнсийг өргөн хэрэглэдэг байна.
Монголчууд адууны махыг чанар, илч ихтэй, шингэхдээ хялбар учир идэр есийн хүйтний үе түлхүү хэрэглэдэг байжээ
Өвөл цагт улаан буюу махан, шар буюу тослог идээт ааруул, аарц, ээзгий, арвай, буудай, хөц будаа зэрэг цагаан, ногоон олон төрлийн идээтэй хослуулан чанар шим тэжээлийг нь тэгшитгэн, бие махбодод шимэгдэх зохицолдоог нь тохируулан хэрэглэсээр иржээ.
Тухайлбал: адууны мах чанар, илч ихтэй, шингэхдээ хялбар учир идэр есийн хүйтний үед, хонины мах шим тэжээл илч чанар жигд тул намрын адаг, өвлийн эхэн, адаг саруудад түлхүү хэрэглэдэг байна.