Найман зууны тэртээ тархай бутархай байсан Монгол аймгууд нэгдэн Их монгол улсыг байгуулаад Тэмүүжинг хаан ширээнд залах ёслол нь хөхөгчин үхэр жилийн өвлийн сүүл сарын эцэс, улаан барс жилийн хаврын тэргүүн сарын эхээр товлогдож цагаан сараа төрт ёсны баяр, эв нэгдлийн бар болгон тэмдэглэн ирсэн байдаг.
Цагаан сар төрт ёсны баяр болсноор гавьяатнаа шагнаж, хааны зарлигаар зарим ялтанг уучилж хэлтрүүлэх уламжлал ч тогтсон гэдэг.
Богдхаант Монгол улсын үед цагаан сарын үеэр сайд, хан, ван, бэйл, бэйс гүн зэрэг ноёд хутагт хувилгаад, хамба, цорж хийгээд ардууд төрийн ордонд морилон ирж, хаанд бараалхан шинэлэх, жагсаал ёслол үйлдэх тусгай тогтоосон дэг журамтай байв. Түүнчлэн шинийн нэгний өдөр дэмий сэлгүүцэх, их дуу чимээ гаргах, шахцалдан үймэх зэрэг зүй зохисгүй үйлдэл гаргахыг хуульчлан хоригложээ.
Мөн цагаан сарын шинийн нэгнээс найман хүртэл төрийн ордон, сүм хийд, яамдын дээр төрийндалбааг мандуулдаг ёстой байв. Монголын анхны төр улс Хүннүгийн үед ч, Чингис хааны байгуулсан Их Монгол улсын үед ч ноёд, язгууртнууд цагаан сарын үеэр цөм төрийнхөө ордонд одож, баяр ёслол үйлддэг байсан гэж зарим баримтад тэмдэглэн үлджээжээ.
Цагаан сарын шинийн нэгний өглөө монголчууд төрийн тэргүүнийхээ орд өргөөний зүгт хандан залбирч, төрийнхөө сүлдэнд мөргөн ёсолдог. Энэ бүхэн нь цагаан сар бол төр ёсны баярын гэрч, ард түмэн маань төр ёсоо гүн эрхэмлэдэг, төр засаг нь олон түмнээ хүндэтгэдэг соёл байв.
Өнөөдрийн монголчууд ч мөн адил өөр хоорондоо золгохын сацуу төрийн их золголгоо телевизээр сонирхож өмссөн зүүсний өнгөтэй өөдтэй, өгүүлэх үгийн чинад утга билэгдлийг тунгаан төрдөө сүсэлдэг хэвээрээ билээ.
Энэ жилийн хувьд нөхцөл байдал нэг л өөр
Тухайлбал, 76 гишүүнээс бүрддэг УИХ нь бүл дутуу, дээр нь даргагүй. Засгийн газрын бүрэлдэхүүн бас л “эмтэрхий”. Нийт хүн амын талаас илүү хувь нь нийслэл Улаанбаатар хотдоо оршин сууж буй ч бас л даргагүй, тамга нь өнчирч суудал нь эзгүйрсэн тав муутай, сэтгэлд зэврүүн.
Ийм нөхцөл байдалтайгаар “Урвуулагч” хэмээх гахай жилээ угтаж байна. Олон жил сар шинээ угтахдаа хаа сайгүй эзэнгүй суудал, түр орлогчид тамга манасан ийм цагаан сар тааралдаж байсангүй.
Эвийн билэгдэл цагаан сараар хар муу бүхнээ мартаж сайн сайхныг хэлэлцэх төрийн их золголгын үеэр энд тэндгүй эмтэрхий онгорхой байх хэнд сайхан гэж. Сүүлдээ “сүх бол хагалах хэрэгсэл” гэж бодох хүртэл нь аргыг нь барж буй энэ улсын эрх мэдлийг төвлөрүүлэн атгах их хүсэлтэн “хагалах тусам хагарна” гэх эртний хятадын технологийг сонсч байсан болов уу. Гуравхан сая хүн амтай энэ улс оронд ийм хямрал, хагарал ард иргэдэд нь аятай санагддаггүй юм байна.
Одоо Монголын ард түмэн эв нэгдлийн илэрхийлэл болсон Төрийн тэргүүнийхээ зүг горьдонгуй харж байна. Өөрийн эрх мэдлийн хүрээнд эвийн цавуу мэт үгсээ хэлж эвлэрлийг хайрла, Ерөнхийлөгч өө! Гэм зэмтэй, сэтгэлд сэвтэй зүйлтэйгээ эвлэр гэсэн үг биш монгол хүн монгол хүнтэйгээ эв эеээ хичээж, тамга бүхэн эзэнтэй, суудал нь халуун дулаанаараа байж үүрэгт ажлаа бүл бүтэн хашсан тийм л зөв байгууламжийг хүсч байна.
Энэ бол төр. Гэтэл “дайны талбар” мэт үгийн муухайг уралдуулж, үйл бүхэн нь сэвтэй цөвтэй болчихож. Сайн удирдагч, энэ улс орны жолоодогч, эх оронч ийм байдлаар ажилладаг гэж үү. Цаана хэнд таалагдахаа бус, чадна гэж итгэсэн хэдэн бор иргэдээ бодоод жил жилийн өнгийг тодорхойлдог сар шинийн өдрөөр сав биш ч сэтгэл дүүрэн, амгалан тайван байлгахыг л ард иргэд тань хүсч байна, Монголын хамгийн том дарга нар аа!
Нийтлэлч: У.Оргилмаа