Хэнтий аймгийн Биндэр суманд хурдан морины уралдаан болж, хүүхэд гараа хөлдөөсөн гэх ташаа мэдээлэл тарсан хэмээн сумын ЗДТГ-аас мэдээлэл өглөө.
Хэнтий аймгийн Мөрөн сумын харьяат А гэх долоон настай хүү сар шинийн өдрүүдэд Биндэр суманд шинэлж байх үедээ саахалтын айлд ахынх нь мотоциклын шатахуун дууссан тул ах руугаа явахдаа, гар чийдэн барьж яваад гараа хайруулжээ. Иймээс хүүг эмнэлэгт үзүүлж анхны тусламж хүргэж, эмч хот руу явахыг зөвлөжээ. Ингээд вагонд явж байхад нь зөвшөөрөлгүйгээр зураг авч, ташаа мэдээлэл цацагдаж эхэлжээ.
Тухайн хүүхдийн ээжтэй холбогдож энэ талаар тодруулахад, одоо Сэлэнгэ аймагт золголтоор явж байгаагаа хэлээд зөвшөөрөлгүй зураг авч олон нийтийн сүлжээгээр мэдээлэл тараасанд гомдолтой байгаагаа хэлсэн юм.
Мөн долоон настай хүү А нь огт морь унаж чаддаггүй бөгөөд одоогоор биеийн байдал хэвийн тоглож наадаад явж байна гэв.
Өвлийн морин уралдаан зохион байгуулахыг хориглох тухай Засгийн газрын тогтоол, аймгийн Засаг даргын Захирамж гарсантай холбогдуулан Хэнтий аймагт хурдан морины уралдаан огт зохион байгуулаагүй аж. Энэ хэргийн талаар Цагдаагийн газар шалгаж байгаа юм байна.